“ЗАХЧИНЫ ТҮҮХ, ШАШИН, ӨВ СОЁЛ”-ЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“Захчины түүх, шашин, өв соёл”-ын Олон Улсын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр МБШ төв-Гандантэгчэнлин хийдэд боллоо.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, аймгийн ИТХ-ын дарга нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэн бол хуралд Унгерь, Чех, Орос, Хятад, Монгол 5 улсын эрдэмтдийн Захчин судлалаар хийсэн 16 судалгааны илтгэл хэлэлцүүлэв.
Мөн энэ үеэр Ховд аймгийн Манхан сумын харъяат, МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, дэд профессор Э.Пүрэвжав агсны ном, бүтээлийн үзэсгэлэнг охин П.Соёлмаатай хамтран гаргасан бөгөөд мөн “Их Захчид” төслийн хүрээнд Захчины шашины өв соёлыг сэргээх чиглэлээр хийгдсэн ажлуудын тайлангийн үзэсгэлэн, Захчин сумуудад байгаа биет болон биет бус өв соёлын үзэсгэлэн дэлгэгдэж түмэн олонд хүрлээ. Мөн түүнчлэн Баруун монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан Л.Тэрбиш, Ц.Өнөрбаян, Ж.Энэбиш, На.Сүхбаатар, Ч.Туулцэцэг болон Э.Пүрэвжав агсны хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Тус хуралд хүрээлэнгээс 3 илтгэл хэлэлцүүлж, оролцогчид, хурлыг зохион байгуулагчдаас асуулт асууж, санал бодлоо ярилцав. Хаалтын үгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБ дарга О.Шинэбаяр товч дүгнэж үг хэлэв.
Бусад мэдээлэл