“Бодлогот баатар гүн” сангийн тэргүүн, Б.Цэнд гүнгийн ач хүү Б.Мөнхсүх санаачлан 2022 онд доктор, профессор Г.Билгүүдэй, доктор, дэд профессор Д.Болормаа нар “Цэнд гүнгийн орчуулсан МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН тайлбарт эх” хэмээх гурван боть бүтээлийг гаргасан билээ. Тус бүтээлд “Цэнд гүнгийн орчуулсан Монголын нууц товчоон”-ыг кирилл үсэгт суурилан галиглаж, давхардсан тоогоор 8700 гаруй үг хэллэгийн тайлбарыг үйлдсэн юм.
Энэ ажлыг үргэлжлүүлэн мөн “Бодлогот баатар гүн” сангийн тэргүүн Б.Мөнхсүх эрхэлж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Энхбадрах “Цэнд гүнгийн орчуулсан ‘Монголын нууц товчоон’-ы ил түүх” номыг хэвлүүллээ.
Тус бүтээлд Цэнд гүнгийн гар бичмэл эхийг уг эхэд буй ёсоор нь цахим хэлбэрт оруулж; эрдэм шинжилгээний бүрэн галигийг үйлдэн, кирилл үсэгт холбогдох тайлбар, зүүлттэйгээр хөрвүүлсэн ажээ.
Номын нээлтийн арга хэмжээг 2023 оны 8 сарын 9-ний өдөр ОУМЭ-ий хурлыг угтан “Чингис хаан үндэсний музей”-д эрдэмтэн судлаачид, Цэнд гүнгийн үр удмынхан гээд өргөн хүрээнд ёслон өнгөрүүллээ.