Монгол улсын ардын уран зохиолч,
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаагийн 90 насны ойд
зориулсан “Хаан найргийн хатан Дулмаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2022 оны
5 дугаар сарын 13-ны өдөр болно. Тус хурлыг Монголын зохиолчдын эвлэл, Монгол
Улсын Үндэсний номын сан, Хэл зохиолын хүрээлэн, Төв аймгийн ИТХ, ЗДТГ, Төв
аймгийн нутгийн зөвлөл, Баян сумын ИТХ, ЗДТГ, Монгол Улсын их сургууль,
Боловсролын их сургууль, Улаанбаатарын Их сургууль, Утга зохиол, нийгмийн
ажилтны дээд сургууль зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байна.
Эрдэм
шинжилгээний хурлын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын
салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй даргалах бол хурлыг нээж Монголын зохиолчдын эвлэлийн дарга, Үндэсний Төв номын
сангийн захирал, Болор цомын эзэн, яруу найрагч, Б.Ичинхорлоо үг хэлэх юм
байна.
Хуралд
Улсын Их хурлын гишүүн, Болор цомын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Төв аймгийн
ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Су.Батболд, Хэл
зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, Монголын
Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Ардын уран зохиолч, Төрийн
шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч нар мэндчилгээ
дэвшүүлнэ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), дэд профессор Д.Сумъяа “Монгол яруу найргийн хатан хаан Ш.Дулмаагийн ная шахам жилийн сайхнаас сайхны үүдсэн туурвилын тойм” сэдвээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ. Та бүхнийг яруу найргийн хатан хаан Ш.Дулмаагийн 90 насны ойн эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.