ДОКТОР С.МӨНХСАЙХАНЫ “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НЫ УТГА ЗҮЙ, СОЁЛ, СЭТГЭЛГЭЭ" НОМ ХЭВЛЭГДЛЭЭ
Тус нэг сэдэвт зохиол нь “Монголын нууц товчоо”-ны үг хэллэгийн утга зүйн судалгаагаар дамжуулан дундад үеийн монгол хэлний онцлог хийгээд тухайн үеийн монголчуудын соёл сэтгэлгээ, нийгмийн харилцааны олон талт үзэгдлийг тайлбарлахыг зорив. Аливаа хэлний үгийн санд тухайн ард түмний түүх агуулагдаж байдгийг энэхүү судалгаа нотлон харуулахын зэрэгцээ “Монголын нууц товчоо” хэмээх уул түүхэн зохиол нь энгийн нэг үгийн цуглуулга бус үгс хоорондоо хэл зүйн нөхцөлөөр холбогдож олон олон шинэ ойлголт, ухагдахууныг илэрхийлж, тэр нь байгаль нийгмийн элдэв юм үзэгдлийн харилцаа холбоо, мөн чанарыг илтгэсэн хэлний нэлээн амьдлаг орчин болохыг харж болно. Ингэж үг хэллэгийн утгын орчныг ард түмний соёл, сэтгэлгээтэй холбон судлах нь судалгааг үр дүнтэй болгоод зогсохгүй дундад үеийн монгол хэлний үгийн сан, утга зүйн тогтолцоог ерөнхийлөн тодорхойлох, цаашилбал монгол хэлний үгийн утгын тогтолцоог цогц байдлаар харах, улмаар утгын улирал хувьслыг шинжлэн судлахад практик ач холбогдолтой юм. Түүнээс гадна уул судалгааны ажил нь монгол хэл, соёлоо танин мэдэх хүсэлтэй олон мянган уншигчдад танин мэдэхүйн хөтөч болох төдийгүй монгол үндэстний өвөрмөц хэл, сэтгэлгээний дахин давтагдашгүй онцлогийг тодруулахад хувь нэмрээ оруулах учиртай.
“Монголын нууц товчоо”-ны утга зүй, соёл, сэтгэлгээ хэмээх энэхүү нэг сэдэвт зохиол нь “Монголын нууц товчоо” дундад үеийн монгол хэлний дурсгал болох нь хэмээх зохиогчийн цуврал бүтээлийн тав дахь нь бөгөөд “Монголын нууц товчооны тайлбар толь”-ийн судалгааны хэсэг юм. Хүмүүн төрөлхтөн хэлээр харилцахдаа сэтгэхүйд буусан зүйлээ өөрийн үндэстний өвөрмөц онцлог бүхий сэтгэлгээгээр илэрхийлэх тул хэлний үгийн утга нь тухайн ард түмний бодол сэтгэхүйг давхар илтгэдэг. Тиймээс уул судалгаагаар дамжуулан дундад зууны монголчуудын танин мэдэхүйн онцлогийг тодорхойлохыг оролдсон ажээ.
Бусад мэдээлэл