Соёлын яамнаас “Монголын уран зохиолын харилцаа,
холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар
хотноо 2023 оны 8 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус хурлыг МУИС,
Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэг, “Соёл, шинжлэх ухаан, судлалын хөгжил
үндэсний төв”, Монголын Зохиолчдын Эвлэл, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС
дэмжин ажилласан байна. Монгол, Япон, ОХУ, БНХАУ, БНФУ, БНЧУ зэрэг зургаан орны
70 гаруй эрдэмтэн тодорхой чиглэлээр судалгааны үр дүнгээ танилцуулж, Монголын уран
зохиол судлалын олон талт асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хурал дотроо үндсэн гурван
хэсэгтэй бөгөөд Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан
Монгол уран зохиол судлалын “Улаанбаатарын хурал-2023”, “Их зохиолч Ванчинбалын
Инжаннашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал”,
“Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр
2 өдрийн турш болов.
Хурлын үеэр Баргын
алдарт зохиолч Га.Шархүүгийн “Бөхийн тэнгэр”, Өвөрмонголын нэрт зохиолч Мандмуйн
“Хүлэг, чоно, нутаг”, зохиолч Элхэнгээгийн “Элхэнгээгийн эрэл”, Алтангадасын “Урад
уран зохиол судлал”, Өвөрмонголын алдарт зохиолч Э.Бүрэнтөгсийн эмхэтгэсэн “Зууны
дээж”, “Инжаннашийн намтар” зэрэг номын нээлт болж дотоод, гадаадын төлөөлөгчид,
хамтран ажилласан байгууллагууддаа номын дээжээс өргөн барилаа.
Энэхүү хурал,
хэлэлцүүлэг нь Олон улсын Монголч эрдэмтний XII их хурлын дараа болж буйгаараа онцлог
бөгөөд хурлын үеэр “Монгол уран зохиол судлалын олон улсын нийгэмлэг” байгуулагдаж,
Удирдах зөвлөлийн гишүүдээр Тэрэнгүто Айтору (Япон), Казүюки Окада (Япон), Мария
Петрова (ОХУ), Л.Ц.Халхарова (ОХУ), Дулаан (БНХАУ), Ван Мандуга (БНХАУ), И Сон А
(БНСУ), Б.Мөнхбаяр (Монгол Улс), Г.Галбаяр (Монгол Улс), Г.Батсуурь (Монгол Улс),
Д.Ганболд (Монгол Улс) нар тус тус сонгогджээ. Шинээр байгуулагдсан нийгэмлэгийн ажилд амжилт хүсье.