Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Э.Пүрэвжав агсны “Монголын нууц товчоон судлалын ном зүй” бүтээлийн нээлт боллоо.
“Монголын нууц товчоон” судлалд үнэлж баршгүй үнэт хувь нэмрээ оруулсан Э.Пүрэвжав агсны охин П.Соёлмаа аавынхаа гэгээн дурсгалд зориулан түүний сүүлчийн, уг бүтээлээр нь номын суварга бүтээснээ ийн монголч эрдэмтдийн хүртээл болгосон бөгөөд ОУМЭ-ний XII хурлын үеэр болсон нээлтийн үйл ажиллагаанд дотоод, гадаадын олон эрдэмтэн хүрэлцэн ирлээ.
Номын нээлтийн үйл ажиллагааг Хэл зохиолын хүрээлэнгийн ЭША, докторант С.Энхбадрах хөтлөн явуулж, Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Э.Пүрэвжав агсны охин П.Соёлмаа нар нээн үг хэлсний дараагаар академич Д.Төмөртогоо, академич Л.Болд, МУАБ, профессор Ц.Өнөрбаян, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, профессор Ж.Бат-Ирээдүй, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭШТА, доктор А.Пунсаг, Японы эрдэмтэн Шиотани Шигэки, БНХАУ-ын эрдэмтэн Боржигон Баярмэнд нар дурсгал, хүндэтгэлийн үгээ хэлж, улмаар номын дээжийг хүрэлцэн ирсэн 150 гаруй зочинд гардуулан өгсөн юм.