Доктор, профессор С.Байгалсайхан "Д.Цэдэвийн бүтээлийн талаар хэлэлцэх нь хувь хүний асуудал биш"
Доктор, профессор С.Байгалсайхан "Д.Цэдэвийн бүтээлийн талаар хэлэлцэх нь хувь хүний асуудал биш"



-Доктор, профессор Д.Цэдэвийн “Дожоогийн Цэдэв туурвил зүйн жаран” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурлын агуулга, ач холбогдлын талаар дурдахгүй юу?

-Эдүгээгээс урагш 100 жилийн хугацаанд Монголын шинэ үеийн утга соёлын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрээрээ нэгэнт тодрон гарсан Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ж.Бадраа, Ш.Гаадамба, Б.Явуухулан, Д.Цэнд, Н.Жанцанноров нарын олон алдартны эгнээнд бүтээл туурвил, хийж бүтээх хүчин чармайлт, сэтгэлгээгээр багтах уран бүтээлч бол Дожоогийн Цэдэв мөн. Тэрээр уран бүтээлийн ажилд хөл тавьсаар нэгэн жарантай золгож байна. Өнгөрсөн зууны 1952 онд анхны шүлэг нь орон нутгийн сонинд хэвлэгдсэнээс хойш тэрээр яруу найраг, шүлэг, найраглал, сонет, дууны үг бичиж, мөн үргэлжилсэн үгийн чиглэлд тууж, өгүүллэг, аян замын тэмдэглэл, эссэ зэрэг бүтээж туурвиж байсан бол эрдэм шинжилгээний чиглэлд “Монголын нууц товчоо”, зохист аялгуу, намтар судлал, уран зохиолын уламжлал шинэчлэл, утга соёлын түүх судлал зэрэгт өөрийн оюун санаа, ухаан бодлыг тасралтгүй “зарсаар “ иржээ. Түүний хийж туурвисан бүтээлийн талаар авч дүгнэн хэлэлцэнэ гэдэг нь зөвхөн хувь хүн төдий бус шинэ монголын урлаг утга зохиолын түүхийг дахин шинээр авч үзэх, гүнзгийрүүлэн судлахад ач холбогдол бүхий баримт материалуудыг гаргаж тавьж байна гэсэн үг.

-Д.Цэдэвийн уран бүтээлийн онцлог, гол ололтын талаар дурдахгүй юу?

-Судалгаа шинжилгээний ажилд 60 шахам жил ажиллахдаа “Ц.Дамдинсүрэнгийн бүрэн түүвэр” дөрвөн боть, “Д.Нацагдоржийн бүрэн түүвэр” хоёр боть, “Б.Содномын бүрэн түүвэр” гурван боть Ван Мандугатай хамт С.Буяннэмэхийн бүрэн түүвэр дөрвөн боть, “Хүүхэн хутагтын дууны судлал”, "Зохист аялгууны судлал" зэрэг ХХ зууны монголын утга соёл, түүнд хамаарах түүхэн уламжлал, арга билэг, ур чадвар, эх бичгийн туйлын хүнд, няхуур нямбай, цаг зав барсан нүсэр ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Олон жилийн эрдэм шинжилгээний ажил нь хоорондоо уялдаа холбоотой, баримт цуглуулах, цуглуулсан баримтаа эргэлтэд оруулах, дахин тайлбарлаж нөгөөгийн баталгаа болгох, эргэн нягтлах, бусад судлаачдын туурвилд задлан шинжилгээ болон эх бичгийн тулгалт, харьцуулалт хийсэн зэрэг нь эдгээр ажлын ач холбогдол болно. Тухайлбал, 1975 онд С.Буяннэмэхийн “Утга зохиолын үүд” бүтээлийг крилл бичигт буулган хэвлүүлсэн бол гучаад жилийн дараа өнөөх бүтээлтэй уялдуулан зохиолчийн намтар, уран бүтээл,улс төрийн амьдрал тэр байтугай өөр бусад зохиолчийн зам мөрийг тодотгох архивийн болон аман баримтыг нэмэн цуглуулж С.Буяннэмэхийн дөрвөн боть судалгааны номыг гаргасан байх жишээтэй. Эрдэм судлалын ажилд анхлан орсон яруу найраг, утга зохиолын уламжлал шинэчлэлийн судалгааны үр дүн нь түүний өөрийх нь туурвил зүй төдийгүй бүх монголын уран үгийн мастеруудын бүтээлд тусгагдсан нь тодорхой юм.

-Тэрээр нөр их уран бүтээлийн зэрэгцээ социализмын үед зохиолчдын хорооны дарга зэрэг өндөр албан тушаал хашиж явсан хүн дээ?

-Д.Цэдэв соёл урлагийн ажилтнуудын намын дарга, зохиолчдын байгууллагын нарийн бичгийн дарга, жинхэнэ даргыг олон жил хашжээ. Ажлаа ч цалгардуулсангүй, уран бүтээлээ ч хаясангүй. Зүгээр ор нэр төдий домноод өнгөрсөнгүй, аль алийг нь сайн хийсэн байна. Үүнийг бас жишээгээр нотолбол Д.Цэдэв гуай олон жил МЗЭ-ийн даргын ажлыг эрхэм шударга үнэнчээр хашихдаа өөрийн уран бүтээл, судалгаа шинжилгээний ажлаа хэдийд нь нь ч юм яв тав хийж явжээ. С.Удвал, Л.Түдэв гуай нарын үед нэлээд баригдан базагдаж байсан зохиолчид Д.Цэдэв гээд нэг залууг гараад ирэхээр ихэд гайхаж, биднийг биднээс том зохиолч л удирдах ёстой гэсэн сэтгэхүйгээр хандаж байсан ч энэ бүхнийг залуу Д.Цэдэв өнгөндөө юу ч үл тоох мэт хэрнээ бүхний учир тоймыг тун гайхалтай эвцэлдүүлж, монголын уран зохиол гэдэг айлын хоймор болоод баруун зүүн талын суудал жавданг нь тохируулж хэн нь хаана суух ёстойг ч битүүхэн хэлээд өгсөн юм.

-Та түүнийг тасралтгүй олон жил уран бүтээлээ туурвисан талаар ярилаа. Ард түмний сэтгэлд үлдсэн зохиолуудынх нь талаар юу хэлэх вэ?

Түүний туурвисан “Тавын даваа буюу ухаа хамбан зодогт”, “Орчлонгийн хүрд” туужууд, “Шөнийн гэрэл”, “Хөндий тоосорч байна”, “Уурга”, “Дангийн даавуун майхан”, “Айргийн амт”,өгүүллэгүүд: “Сэвтээ нь үгүй сэтгэл”,”Оюутан цаг насны баясгалан”, ”Алтан намар”, ”Энх улирал”, ”Анхны хайр” дууны шүлэг, ”Зүрхний айзам” бэсрэг найраглал нь өдгөө нэгэнт монголын их утга зохиолын алтан сан хөмрөгт хүндтэй байр суурийг эзэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, Д.Цэдэвийн үргэлжилсэн зохиолыг дорно дахины уламжлалтай, ардын аман билгээс суралцаж шинэ цагийн амьдралын бодит үнэнийг уламжлал шинэчлэлийн нарийн уялдаатайгаар гүн гүнзгий дүрслэн гаргасан “...тэр олон дүр нь эртний сайн танилыгаа араас нь асууж одоо хаана, яаж явааг нь сураглаж, аль нэгэн үе хэзээ нэгэн цагт уулзахыг санан хүлээж суух мэт хэн нэгний санааны ертөнцөд үлдэж хоцордогт” оршдог нь зохиолчийн дүрийг урлаж, дүрээр ертөнцийг илэрхийлэх яруу төгс эрдмийн нууц хэмээн их гүүш Л.Хүрэлбаатарын онцлон дурдсантай гэдэгтэй санал нэг байгаагаа хэлье.

-Сүүлийн хэдэн жилд та олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, үйл ажиллагааг чамгүй оныг зохион байгууллаа. Төсөв мөнгө хаанаас олдог вэ. Үүний ач холбогдол нь юунд байна?

-Тийм ээ, сүүлийн тав зургаан жил бид 30 шахам эрдэм шинжилгээний хурал, шинэ номын нээлт, чөлөөлт хэлэлцүүлэг мэтийн ажил зохион байгуулсан. Өнгөрсөн ойрын хугацаанд гэхэд л Б.Явуухулан, Ц,Гайтав, С.Эрдэнэ нарын 90 насны ойн хурал, Б.Жамд, Н.Очирбат, Л.Хуушаан ойн хурал тухайн уран бүтээлчийн ном бүтээлийг хэвлэн гаргалаа. Энэ бол шинэ монголын урлаг уран зохиолын түүхийг баяжуулан бичиж байгаа хэрэг. Дөнгөж саяхан Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Б.Ренчиний уран бүтээл, намтрын талаар нэг мөрд хүрч чадалгүй, маргаан мэтгэлцээнтэй байгаа шүү дээ. Бид хажуудаа байгаа "алт" эрдэнэсийн тухай бичиж дүгнэн хэлэлцэн үлдээх нь судлаач уран бүтээлчдийн үүрэг гэж үздэг. Төсөв мөнгөний хувьд засаг, яам тамгаас гуйж гувшаад явдаггүй. Сэтгэл байхад ажил бүтнэ. Тиймдээ ч бид "ХХ зууны монголын утга соёлын өв" нэртэй 600 орчим хуудас бүхий томоохон түүхэн, уран сайхны, эрдэм шинжилгээний номоо олон түмнээ хүргэсэн байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө