“Судлаачийн шинэ санаа-шинэ судалгаа” сэдэвт семинар амжилттай боллоо
Эрдэмтэн судлаачдын судалгааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллээ солилцох, шинэ санаа, шинэ судалгааг дэлгэрүүлэх зорилготой энэхүү “Судлаачийн шинэ санаа – шинэ судалгаа” сэдэвт цуврал семинарын анхны дугаарт нутгийн аялгуу судлалын сэдвээр хоёр доктор маань илтгэлээ амжилттай хэлэлцүүлж, дугуй ширээний яриа өрнүүллээ. Семинарын талаар дэлгэрүүлэн мэдээлье.
Нэг.ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D)Д.Уртнасан “Нутгийн аялгуу судлалын шинэ хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Д.Уртнасан бол Солонгос улсад нутгийн аялгуу судлал, туршилт авиа зүйн чиглэлээр докторантурт суралцаж, солонгос хэлний “каванон” аялгууг судлан, эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн юм. Тэрээр, нутгийн аялгууг системтэй судлахын тулд эхлээд тухайн хэлний цөм хэл зүйг тодорхойлох, улмаар нутгийн аялгуунуудын өвөрмөц онцлогийг тогтоосны дараа тэдгээр онцлог нь тухайн хэлний цөм хэл зүйн системд хэрхэн захирагдаж, тэр хэлний хэл зүйн зүй тогтолт мөн чанарыг судлан гаргахад баримт болж буй үндэслэлийг тайлбарласан юм. Улмаар нутгийн аялгууг нийгэм хэл шинжлэлийн үүднээс судлах, тухайн аялгуугаар яригч хүмүүсийн хэлний зохицол, аялгууны хувьсах шинж, хөгжил-хувьслын хэлний ба хэлний бус шалтгаан, сэтгэл зүйн хамаарал, аялгууны хувьсал ба эрлийзжсэн (завсрын) аялгуу үүссэн байдлыг тогтоох зэргээр олон талын чухал судалгааны талаар дэлгэрүүлэв. Мөн нутгийн аялгуу судлахын нийгмийн ач холбогдол, нутгийн аялгуу судлах арга зүй, туршилт, тандалт, тоног төхөөрөмжийн талаар товч ойлголт өглөө. Сонсогчид түүнээс авиа зүйн туршилт-судалгаа хийдэг программ, нутгийн аялгууны материал боловсруулалтын тухай, солонгос хэлний болон монгол хэлний нутгийн аялгуунуудын онцлогийн тухай тодруулан асууж, ярилцав.
Хоёр. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор (Ph.D) Р.Сарангэрэл “Монгол хэлний нутгийн аялгуунуудын үгийн сангийн өнөөгийн хэрэглээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Р.Сарангэрэл МУБИС-ийн монгол хэл шинжлэлийн магистрантурт нутгийн аялгуу судлалын хичээл зааж байгаа туршлага дээрээ үндэслэн, хөдөө орон нутгаас ирсэн оюутан сурагчдаар дамжуулж, үгийн сангийн дам судалгаа хийдэг тухайгаа ярьж, үр дүн, жишээ баримтаасаа хуваалцлаа. Сонсогчид түүнээс нутгийн аялгууны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, нутгийн аялгуунуудыг хадгалж хамгаалах, түүний үнэлэмжийг сэргээх бодлогын талаар асууж, санал солилцов. Р.Сарангэрэл нутгийн аялгууны толь бичигт буй үгийн чухам ямар үгс амьд ярианд илүү их хэрэглэгддэг тухай халхын аялгууны жишээгээр тайлбарласан юм. Тэрээр мөн нутгийн аялгууны нөлөөллийг харьцууллаар үзүүллээ.
Гурав. 2023 оны 4 сарын 19-ний энэхүү семинарт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, оюутнууд оролцлоо.. Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Ж.Бат-Ирээдүй тус семинарыг удирдан явуулж, нээлт, хаалтын үгийг хэлэв. Семинарын эхэнд оролцогчид босож, Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч асан, доктор (Ph.D) Э.Пүрэвжав эрдэмтнээ дурсан хүндэтгэл үзүүллээ. Семинарт оролцогчид өөр өөрийн судалгаа шинжилгээнээс нутгийн аялгуу судлалтай холбогдох онцлогийн талаар харилцан санал солилцов. МУБИС-ийн НХУС-ийн Монгол судлалын төвийн тэргүүн, энэ жил “Монгол хэлний нутгийн аялгууны өнөөгийн хэрэглээний цогц судалгаа” сэдэвт төсөл хэрэгжүүлж буй доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаян нутгийн аялгууны үнэ цэн, судалгааны өнөөгийн байдлыг дүгнэж үг хэлэв. Миний бие тус цуврал семинарыг санаачилж байгаагийн хувьд тус семинарын зорилго ач холбогдол, онцлог, үр дүн, оролцогч болон илтгэгчдийн тухайд дүгнэж үг хэллээ. Тус хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Sc.D), дэд профессор Г.Батзаяа монгол хэлний нутгийн аялгуу судлалын тойм, ач холбогдол үнэ цэн, ирээдүйн чиг хандлага, шаардлагатай судалгааны талаар үг хэлж, тус салбарын нутгийн аялгуу судлалын суурь судалгааны төслийг үргэлжлүүлэхийн чухлыг онцлов. Мөн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) А.Алимаа нутгийн аялгууг тухайн угсаатан ястны аман зохиол, зан заншил, дуу хуур, газар нутаг, аж ахуй зэрэг бүхий л соёлын өвтэй нь цогцод нь судлахын чухлыг ярилаа. ОУУБИС-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга доктор (Ph.D) Го.Гэрэлмаа нутгийн аялгууны үнэлэмжийг сэргээх талаар, мөн хээрийн шинжилгээний экспедицээр явсан туршлагаасаа хуваацлаа. ӨМӨЗО-оос Монгол Улсад ирж, докторын зэргээ саяхан амжилттай хамгаалсан доктор (Ph.D) Бүрэнбилэг нутгийн аялгуу судлалтай холбоотой санал бодлоо илэрхийлж, аливаа нутгийн аялгуунд үгийн айзам хэмнэл чухал болох талаар онцлон тайлбарлав. МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор (Ph.D) Д.Ганболд нутгийн аялгуу судлахад 1955-1970-аад оны хээрийн шинжилгээний экспедицийн тайлан, хөмрөгийн хэрэглэгдэхүүн чухал болох , ХЗХ-ийн Сан хөмрөгийн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D) С.Энхжаргал тус сан хөмрөгт хадгалагдаж буй материалын талаар ярьж санал бодлоо хэлэв.. Мөн ӨМӨЗО-ы Шилийн голын телевиз хорооны нэвтрүүлэгч, сэтгүүлч Совин өөрийн судалгааны сэдвийг дурдан радио, телевизийн сэтгүүлчид Монгол улсад суралцахдаа халх аялгаар өгүүлэх эрдэмд сурч буй талаараа ярьж санал сэтгэгдлээ хуваалцлаа. ХЗХ-ийн Хэл шинжлэлийн салбарын ажилтан, магистр М.Очирцэнд Хөвсгөл аймгийн дархадуудын хэл яриагаар жишээ болгож, шинжилгээний ангиар явсан онцлог, мөн үг хэллэгийн хэрэглээний талаар ярилаа..
Эдгээр эрдэмтнээс гадна МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D) Д.Соронзон, тус тэнхимийн багш, доктор (Ph.D) Ү.Ариунболд, ХЗХ-ийн Утга зохиолын салбарын эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D) Д.Болормаа, Хэл шинжлэлийн салбарын ЭША доктор (Ph.D) Д.Боролзой, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан докторант Х.Гэндэнпил, Эх хэл бичиг сан хөмрөг, лабораторийн ажилтан докторант Б.Лхагважав, докторант М.Билгүүнчимэг, референт Э.Ариунтуяа, , хэл шинжлэлийн докторант Б.Отгончимэг, Багш хөгжийн төвийн ажилтан доктор (Ph.D) Г.Дэлгэрмаа, ОУУБИС-ийн хэл шинжлэлийн докторант С.Энхзул, Д.Пүрэвсан нар, мөн МУБИС-ийн хэл шинжлэлийн магистрантууд оролцон нутгийн аялгууны хэрэглээ, үнэлэмж, өнөөгийн бодит байдлын талаар ярилцав.
Семинарыг хэлэлцүүлэг хэлбэрээр хийж нэг сэдвээр чөлөөтэй яриа өрнүүлэхэд дугуй ширээтэй МУБИС-ийн 205 номер тохиромжтой байлаа.
Тэмдэглэл бичсэн: О.Шинэбаяр, Г.Батзаяа
Бусад мэдээлэл