Ойрын жилүүдэд дэлхий дахиныг хамарсан “Ковид 19” цар тахлын улмаас тухайн жилийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хамт олонд танилцуулж байж ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлдэг уламжлал түр тасалдаад байсан билээ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, амжилттай дүгнүүлсэн билээ.
Ингээд ШУА-ийн Тэргүүлэгчдийн шийдвэр болон Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан, 2022 оны эхний хагас жилийн товч тайланг хүрээлэнгийн хамт олон болон ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын төлөөлөлд танилцууллаа. Уг хуралд 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг захирал Ж.Бат-Ирээдүй, 2022 оны хагас жилийн тайланг эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Шинэбаяр нар танилцуулсан ба ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, ШУА-ийн ТГ-ын мэргэжилтэн Дарханзул нар хуралд оролцлоо. Захирал Ж.Бат-Ирээдүй тус хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлт, хүрээлэнд хэрэгжүүлж буй төсөлт болон суурь судалгааны сэдэвт ажлын үйл явц, үр дүнгийн талаар тайлагнав.
Уг хурал дээр ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид Шинжлэх Ухааны Академийн 2022 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг хүрээлэнгийн ажилтнуудад танилцуулж, асуултад хариулан санал солилцлоо.