Э.ПҮРЭВЖАВ АГСНЫ “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН СУДЛАЛЫН НОМ ЗҮЙ” БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭВ
Э.ПҮРЭВЖАВ АГСНЫ “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН СУДЛАЛЫН НОМ ЗҮЙ” БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭВ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Э.Пүрэвжав агсны “Монголын нууц товчоон судлалын ном зүй” хэмээх бүтээлийг талийгаачийн охин П.Соёлмаа аавынхаа гэгээн дурсгалд зориулан хэвлэн гаргалаа.


Доктор Э.Пүрэвжав нь нэгэн насны амьдралаа эрдэм шинжилгээ, судалгааны үйлсэд зориулахдаа монгол үндэсний бахархал болсон “Монголын нууц товчоон”-ыг судлахын зэрэгцээ даян дэлхийд түгсэн олон эх төдийгүй судалгааны бүтээлийг сурвалжлан цуглуулж, монголч эрдэмтдийн дунд нэгэнт алдаршсан “Монголын нууц товчоон”-ы арвин сан хөмрөг бүрдүүлжээ.

Тийм ч учраас эрдэмтэн Э.Пүрэвжавын сүүлийн гэж болох тус бүтээл нь түүний олон арван жилийн хөдөлмөрийн үр дүн гэж хэлж болох юм. Уг бүтээлд “Монголын нууц товчоон” судлалын ном бүтээл, эрдэм шинжилгээний болон хялбаршуулсан өгүүлэл гээд өргөн хүрээнд дэлхий дахинаа 1866 оноос өнөөг хүртэл хэвлэгдэн гарсан 5000 гаруй бүтээлийн бүртгэлийг багтаажээ. Тус бүтээлийн ач холбогдлын тухайд академич Д.Төмөртогоо “... сүүлийн зуун тавь гаруй жилийн хугацаанд “Монголын нууц товчоо”-г хэл шинжлэл, түүх судлал, угсаатан судлал, уран зохиол, аман зохиолын талаас нарийвчлан судалж, орос, англи, франц, герман, хятад, япон зэрэг дэлхийн олон хэлээр туурвисан олон зуун шилдэг бүтээлүүдийг багтааснаараа монгол судлалын хэмжээнд чухал ач холбогдолтой үнэт бүтээл болжээ” хэмээн үнэлэн бичсэн байна.


I. МНТ-ы эх бичгийн судлал
II. МНТ-ы тухай эрдэм шинжилгээний ном
III. МНТ-ы тухай эрдэм шинжилгээний өгүүлэл
IV. МНТ-ы судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл
V. МНТ-ы зурагт ном
гэсэн үндсэн таван хэсэг болон тус ном зүйн бүртгэлд гарсан зохиогчийн нэр болон ном бүтээлийн нэрийн хэлхээг эцэст нь нэг бүрчлэн үйлдсэн бөгөөд “Өргөл үг”-ийг охин П.Соёлмаа, өмнөх үгийг академич Д.Төмөртогоо, Япон Улсын Осакагийн Гадаад Судлалын Их Сургуулийн Хүндэт профессор Хашимото Масарү нар бичжээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө