ЭРДЭМТЭН Л.БАЛДАНЫ “ЭРДМИЙН БҮТЭЭЛИЙН ӨВ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтан, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Балдан агсны 90 жилийн ойд зориулсан “Эрдмийн бүтээлийн өв” эрдэм шинжилгээний хурал 2021 оны 11 сарын 8-нд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд боллоо.
Эрдэм шинжилгээний хурлыг Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ууганбаатар хөтөлж, хурлыг нээж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Ж.Бат-Ирээдүй, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд нар үг хэллээ.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, дэд профессор Э.Пүрэвжав “Л.Балданы хэл шинжлэлийн бүтээлүүд”, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Ч.Жачин “Д.Нацагдорж судлал ба Л.Балдан”, доктор, дэд профессор Г.Гэрэлмаа “Нэр томьёо, тайлбар толь судлал ба Л.Балдан”, доктор Б.Мөнхбаяр “Утга зохиол судлал ба Л.Балдан”, ЭША Ж.Ууганбаатар “Эрдэмтэн Л.Балданы “Эрдмийн бүтээл 5 боть номын тухай” зэрэг илтгэлийг тавьсан юм.
Хурлын 2-р хэсэгт Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Балданы “Эрдмийн бүтээл” V ботийн нээлт болов. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ууганбаатар “Эрдмийн бүтээл” V боть номын тухай танилцуулсан юм. Уг номын редактораар Ж.Ууганбаатар ажилласан бол эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ууганбаатар, Б.Баярмаа, Э.Бямбадолгор нар эмхэтгэн хэвлэлд бэлтгэжээ. Мөн Л.Балданы гэргий Монгол улсын Ардын эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Сэржээ, Л.Балданы хүү Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор Б.Энхмандах нар Л.Балданы эрдэм бүтээл, ном туурвилын талаар сонирхолтой сайхан илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачдад болон Шинжлэх ухааны академи болон Хэл зохиолын хүрээлэнгийн удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийллээ.
Л.Балдан нь
1969 оноос хойш нийт 40 жил Хэл зохиолын хүрээлэнд ажиллахдаа “Д.Нацагдорж судлал”, монгол хэл шинжлэл, нэр томьёо, тайлбар толь судлал, утга зохиол судлалаар судалгаа хийж, монголын шинжлэх ухаанд өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн эрдэмтэн билээ.
Бусад мэдээлэл