Монгол хэл, утга зохиол, дорно дахины судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисныг нь үнэлж Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч Г.Билгүүдэйг "Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ"-аар шагналаа. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өгөв. Танд баяр хүргэж, эрдэм судлалын өндөр амжилт хүсье.
Г.Билгүүдэй нь 1989 оноос хойш ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажлыг «Монголын нууц товчоон»-ы судлал, Монголын эртний уран зохиолыг судалсан Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба нарын намтар, эрдмийн ажлын судлал, Утга зохиолын онол, уран сайхны шүүмжлэлийн түүх гэсэн үндсэн гурван чиглэлээр хийж ирсэн.
Г.Билгүүдэй нь Хэл зохиолын хүрээлэнд орсон цагаасаа «Монголын нууц товчоон»-ы судлалаар «Цагаан шонхорын тухайд» (1991), «Барилдуга гэдэг үгийн тухай» (1994), «Өгэдэй Толуй хоёрын дүрийг эргэцүүлэн бодохуйд» (1995), «Монголын баатарлагийн туулийн гол баатрын намтарчлалыг “Монголын нууц товчооноос” хайхад» (1998), «Монголын нууц товчооны уран сайхны асуудалд» /1999/ зэрэг судалгааны өгүүллийг бичиж 1999 онд «Аман уламжлал ба “Монголын нууц товчоо”» сэдэвт диссертац бичиж Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2020 онд “Монголын нууц товчоон”-ы авантекст үзэгдлийн судалгаа” суурь судалгааны хүрээнд «Монголчуудын аман уламжлал ба «Монголын нууц товчоон» номыг хэвлүүлэв.
Г.Билгүүдэй нь 1996 оноос Хэл зохиолын хүрээлэнгийн Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгчээр ажиллаж 1998 онд «Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол номын бүртгэл» хэмээх каталогийг анх удаа хийж хэвлүүлэв. Энэ хугацаанд академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90, 100, 110 жилийн ойг тэмдэглэн, Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний өвийг сурталчлах, дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж 2018 онд А.Ц.Цендина, Р.Отгонбаатар нарын хамтаар гэр музейн монгол номын бүртгэлээ шинэчлэн “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол ном судрын бүртгэл”, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн төвд ном судрын бүртгэл” (Д.Мөнх-Отгон), “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн ховор нандин номын тухай” гэсэн гурван дэвтэр номыг гаргаад байгаа билээ.
Г.Билгүүдэй нь өөрийн аав Шанжмятавын Гаадамбын намтар, уран бүтээл, эрдэм судлалын ажлыг судлах, эрдэм бүтээлийг нь хэвлүүлэн дэлгэрүүлэх чиглэлээр “XX зууны монгол зохиолчид” цувралын № 15-д «Шанжмятавын Гаадамба» (2004) ном, «Ш.Гаадамба: Санаа сэтгэлийн орчлонг сайхан болгох хөдөлмөр» (Илтгэл, дурсамжийн эмхэтгэл, 2009), Гаадамба Шанджмятавын “Сокровенное сказание монголов» как памятник художественной литературы” (XIII в.) гэж 1961 онд орос хэлээр бичиж дэд эрдэмтний диссертацийг хэвлүүлэв. 2014 онд «Шанжмятавын Гаадамба. Утга зохиолын онолын товч. Утга зохиолын онолын үндэс» – “Га багшийн номын сан 1”, «Шанжмятавын Гаадамба. Зохиолчийн хөдөлмөрийн тухай» – “Га багшийн номын сан 2”, 2020 онд “Аристотель тэргүүтэн” –“Га багшийн номын сан - 4” зэрэг ном зохиолыг эмхэтгэн гаргаад байна.
Г.Билгүүдэй нь 1996 оноос хойш Улаанбаатарын Их Сургуульд “Монголын эртний уран зохиол”, “Дорно дахины уран зохиол”, “Өрнө дахины уран зохиол”, “Орчуулгын онол”, “Харьцуулсан аман зохиол”, “Уран сайхны шүүмжлэлийн түүх” зэрэг утга зохиолын онол, түүхийн хичээлийг үр бүтээлтэй зааж ирсэн болно. 2007 онд уран сайхны шүүмжлэлийн түүхийн хичээлд зориулан «Өрнө дахины уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний тойм» гэсэн сурах бичгийг хэвлүүлэв. Уран зохиолын онолын судалгааны хүрээнд манай улсад Өрнө болон Дорнын уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний талаар бие даасан бүтээл хараахан гараагүй байсан орон зайг нөхөн гарсан энэхүү ном эрдэмтэн, судлаачдын зүгээс өндөр үнэлэгдэж байна. Өрнө дахины уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний түүхэн хөгжил, онолын сэтгэлгээ, баримтлал, дэг сургуулиудын үзлийн харилцан уялдаа холбоо, үүссэн бий болсон нөхцөл, он дараалал, учир шалтгааныг цэгцтэйгээр тоймлон анх удаа бүрэн хэмжээгээр нь дэлгэрэнгүй гаргаж тавьсан тус бүтээл нь утга зохиолын мэргэжилтэн, оюутан залуус болон уран зохиол сонирхогчдын өргөн хүрээнд зориулсан бөгөөд үүнийг 2018 онд “Утга зохиолын судлал шинжлэл” цувралын 19 дүгээрт «Өрнө дахины уран сайхны шинжлэлт сэтгэлгээний тойм» нэрээр дахин хэвлэсэн.
Монголын эртний уран зохиолын алдарт дурсгал “Монголын нууц товчоон” судлалаар мэргэшин судалгааны 17 ном, эрдэм шинжилгээний 38, эрдэм шинжилгээ сурталчилгааны 52 өгүүлэл бичиж хэвлүүлсэн, олон жил үр бүтээлтэй ажиллаж монголын эртний уран зохиолын дурсгал “МНТ” судлал, академич, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн болон эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын амьдрал уран бүтээлийг судлах, монгол утга зохиолын соёлын өвийг цуглуулах, сурталчлах, хойч үед өвлүүлэх, хамгаалан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар яваа манай шилдэг эрдэмтэн судлаач билээ.