"ГА БАГШИЙН НОМЫН САН-IV" ХЭВЛЭГДЭН УНШИГЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛЛОО.
Эрдэмтэн, зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэгч Шанжмятавын Гаадамбын орчуулгын бүтээлийн чуулган болох “Га багшийн номын сан-IV” ботийг доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй эрхлэн хэвлүүллээ.
Тус номд Аристотелийн «Туурвил зүй» (орчуулагч Ш.Гаадамба), Буалогийн «Яруу найргийн урлагийн тухай» (орчуулагч Ш.Гаадамба), Лессингийн «Лаокоон буюу уран зураг яруу найраг хоёрын заагийн тухай» (орчуулагч А.Шархүү), Чернышевскийн «Урлаг, үнэн байдалтай гоо зүйн талаар харьцах учир» (орчуулагч Ш.Гаадамба) зэрэг өрнөдийн утга зохиолын онолын гол бүтээлүүд багтжээ.
Эртний Грекийн гүн ухаантан Аристотелийн “Туурвил зүй” (1969) номыг Монголын уншигч олонтой анхлан танилцуулсан хүн бол Ш.Гаадамба билээ. Тэрбээр МУИС-д уран зохиолын багшаар ажиллаж байхдаа утга зохиолын онолын асуудлыг сонирхон судалж “Утга зохиолын онолын товч” (1956), “Зохиолчийн хөдөлмөр” (1967) зэрэг ном бичихийн зэрэгцээ өрнөдийн утга зохиолын онолын ном зохиолоос Г.Л.Абрамовичийн “Утга зохиол шинжлэлийн удиртгал” (“Цог” сэтгүүлийн 1954-1956 оны дугааруудад хэвлэгдсэн), Н.Г.Чернышескийн “Урлаг үнэн байдалтай гоо зүйн талаар харьцах учир” (1980), Буалогийн “Яруу найргийн урлаг” (1986) зэргийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн билээ.
Эдүгээ эдгээр номын олдоц нэн ховор болсон, нөгөө талаар утга зохиолын мэргэжлийн хичээл ордог их дээд сургууль олон болж, уг номын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнийг харгалзан үзэж нийт оюутан залуус, утга зохиол сонирхогч хэн бүхэнд зориулан энэхүү ботийг хэвлүүлжээ.
Бусад мэдээлэл