Энэ жил Монгол Улсад Шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа билээ. Манай Хэл зохиолын хүрээлэн нь 1921 оны 11 сарын 19-ний өдөр Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасаг нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Үндэсний хэл бичиг, соёл судлалын уламжлал, шинэчлэлийг хослуулж, эрдэм шинжилгээний өндөр түвшинд хүрсэн оюуны бүтээл туурвихыг зорьж ажилладаг шинжлэх ухааны ууган байгууллага бөгөөд манай хамт олон 100 жилийн ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь магистрант, докторантын судалгааны ажлыг дэмжих, суралцах нөхцөлийг хангахад туслах зорилгоор “ЭРДМИЙН ХИШИГ” хөтөлбөр юм.
Монгол хэл бичгийн голомтыг сахиж ирсэн 100 жилийн түүхт манай хүрээлэнгээс Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв, П.Хорлоо, Х.Сампилдэндэв, Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, Л.Болд нарын 9 академич төрөн гарсан.
Уг тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр сургалтын жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд академич Ц.Дамдинсүрэнгийн тэтгэлэгт хөтөлбөрт утга зохиол судлалаар ахисан түвшний 1 оюутан, академич Б.Ринчений тэтгэлэгт хөтөлбөрт аман билиг, соёл судлалаар ахисан түвшний 1 оюутан, академич Ш.Лувсанванданы тэтгэлэгт хөтөлбөрт хэл шинжлэл судлалаар ахисан түвшний 1 оюутан бүгд 3 хүн шалгарч тус бүр 1 (нэг) сая төгрөг, өргөмжлөл хүртэх болно.
Анх удаа зохион байгуулагдаж буй “Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрт МУИС-ийн докторант Х.Урьхан (БНХАУ, ӨМӨЗО), Чой Юүн Со (Choi Yoon Seo, БНСУ), Ри Юүн Жин (Ri Yun Jin, БНАСАУ), Х.Чойдогжамц, Г.Нанжидсүрэн, МУБИС-ийн докторант Э.Эрдэнэзуу, А.Ванчигмаа, магистрант Б.Пүрэвжав, ШУТИС-ийн магистрант Э.Есөнжаргал, УБИС-ийн докторант Д.Мөнх-Отгон, Б.Базаргүр, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Батмөнх нарын 20 орчим залуу судлаачид оролцож байна.
Чой Юүн Со: Сайн байцгаана уу? Намайг Чой Юүн Со гэдэг. Би МУИС-ийн монгол хэл шинжлэлийн докторант. Юуны түрүүнд надад ийм сайхан хөтөлбөрт оролцох боломж олгосон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн удирдлага, зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Надад энэ тэтгэлгийн шагнал авах нь чухал биш, харин энэ хөтөлбөрт оролцох хугацаандаа олон мундаг багш нарын дор сурч олон зүйл мэдэж авна гэдэгт их баяртай байна. Миний бие орчин цагийн монгол хэлийг турк, солонгос хэлтэй харьцуулсан судалгаа хийдэг, тэр дундаа тусах үйл үгийг онцгойлон авч үзэх талын судалгааны ажил хийж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар миний судалгааны чанар илүү сайжруулаад зогсохгүй миний судалгаа монгол хэлшинжлэлийн хүрээнд өөрийн гэсэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Миний эрдмийн аян замыг дэмжсэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн удирдлага, хамт олонд дахин дахин талархал илэрхийлье.
Х.Урьхан: Намайг Х.Урьхан гэдэг. Өвөр монголын өөртөө засах орны Бугат хотынх. МУИС-ХУС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн докторантаар суралцаж байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зарласан тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж олгосон эрхэм багш нар, зохион байгуулагч нартаа талархаж байгаагаа илэрхийлье. Эрдэмтэн багш нараасаа судалгааны арга зүйг хичээнгүйлэн суралцах болно.
Тэтгэлэгт хөтөлбөрт оролцож буй нийт залуу судлаачиддаа судалгааны ажилд нь амжилт хүсье.
Мэдээ бичсэн: Т. Батбямба