Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-аас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн засвар тохижилтын ажлыг дуусгаж, хүлээлгэн өглөө.
Хэл зохиолын хүрээлэн анх байгуулагдсан цагаас эхлэн тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 1990-ээд он хүртэл хээрийн шинжилгээний ангиар явж, соёлын биет бус өвийг сурвалжлан тэмдэглэхийн зэрэгцээ арвин их судар ном цуглуулж ирсэн нь эдүгээ “Эх хэл бичгийн сан хөмрөг”-т хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар тус сан хөмрөгт нийт 1205 тод үсгийн судар, 6689 төвөд үсгийн судар, 1257 монгол үсгийн судар, 450 хавтас бүхий 100 мянга орчим хуудас гар бичмэл, бөө мөргөл, бурхны шашны болон зан үйлийн холбогдолтой болон тууль, үлгэр, домог, дуу, ерөөл, магтаал зэрэг аман зохиолын 1200 орчим цагийн бичлэгтэй 1066 ширхэг соронзон хальс байна. Эдгээр нь манай ард түмний оюуны бүтээлийн дээж төдийгүй эрдэм шинжилгээний ажлын үнэт хэрэглэгдэхүүн юм.

Саяхныг хүртэл эдгээр соёлын үнэт өв нь хүрээлэнгийн санхүүгийн боломж бололцооноос шалтгаалан стандарт бус орчинд байж, чанарын хувьд хэврэгшин муудах нөхцөл байдалд хүрээд байв. Тийм ч учраас эдгээр үнэт ном судар, нутгийн аялгуу, аман зохиолын хэрэглэгдэхүүнийг цаашид олон жил хадгалж хамгаалан, өвлүүлэн үлдээх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болгох, орчуулан хэвлэх зэрэг ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсныг харгалзан, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-аас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн засвар тохижилтын төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Нээлтийн арга хэмжээнд ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Үмит Нажи ЁРУЛМАЗ, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах УСТАӨМЭР, дэд координатор Жейлан АТМАЖА, ТИКА-ийн Монголыг хариуцсан мэргэжилтэн Хатижэ Мүгэ ӨЗКАН, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар болон Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяр, ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы дарга, Туркийн ШУА-ийн Хүндэт гишүүн, академич Л.Болд, Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, МУ-ын ШУ-ы гавьяат зүтгэлтэн, доктор, дэд профессор Э.Пүрэвжав, Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрхлэгч МУ-ын ШУ-ы гавьяат зүтгэлтэн, доктор О.Самбуудорж болон Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо.

Нээлтийн үеэр соёлын өвийг тээгч МУСГЗ, төрийн батламжит туульч Э.Баатаржав, Ардын хөгжимчин МУСТА П.Болормаа нар хүрэлцэн ирсэн зочдод “Алтайн магтаал”-ын хэсгээс хайлж, монголын эртний хөгжмийн зэмсгийг эгшиглүүлэн мялаалга өргөв.

ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлсэн үгэндээ: Юуны өмнө Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгийн засвар тохижуулалтын нээлтэд ирсэн ТИКА-ийн суурин төлөөлөгчид болон Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм судлаачид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол, Туркийн ард түмэн олон зууны түүх соёлын уламжлалт харилцаатай. Монгол, Турк улс дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж, тэр тусмаа ТИКА-аас Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын салбарт олон талын хамтын ажиллагаа өрнүүлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа монголчуудын түүх, соёлын биет болон биет бус өвийг судлах, хадгалан хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх талаар илүү анхаарал тавьж байгааг сайшаан тэмдэглэж байна. Тус лабораторийн сан хөмрөгт буй монголчуудын оюуны соёлын гайхамшигт өвийг хадгалах, хамгаалах, сурталчлахад ТИКА-ийн хөрөнгө оруулалт үнэ цэнтэй. Эдүгээ тус хөмрөгт нийт 1205 тод үсгийн судар, 6689 төвөд үсгийн судар, 1257 монгол үсгийн судар, 450 хавтас бүхий 100 000 орчим хуудас шинжилгээний ангийн гар бичмэл, тууль, үлгэр, домог, дуу, ерөөл, магтаал, бөө мөргөл, бурхны шашны болон зан үйлийн холбогдолтой аман зохиол, аман зохиолын 1200 орчим цагийн бичлэгтэй 1066 ш соронзон хальс тус тус хадгалагдаж байна. Ийм гайхамшигт өвийг судалгааны эргэлтэд оруулах, хадгалж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх ажилд онцгой анхаарч, санаачилга гаргасан эрдмийн хамт олон, түүний удирдлагууд, дэмжлэг үзүүлсэн ТИКА-гийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөр, Монгол, Туркийн хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе. Та бидний хамтын ажиллагаа Хэл зохиолын хүрээлэн төдийгүй Шинжлэх Ухааны Академийн харьяа бусад хүрээлэнтэй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагааг Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газраас бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байна.

ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Үмит Нажи ЁРУЛМАЗ хэлэхдээ: “Хоёр орны найрамдал, хамтын ажиллагаагаар соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалахад зориулан ийм сайхан төслийг хэрэгжүүлсэндээ байгууллагын болон өөрийн нэрийн өмнөөс та бүхэнд талархсанаа илэрхийлье. 1994 онд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2004 онд Засгийн газрын хэлэлцээрээр албан ёсны төлөөлөгчийн газраа нээж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, газар тариалан, мал аж ахуй зэрэг олон салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирлээ. Өнөөдөр бид бүгд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эх хэл бичгийн сан, лабораторийн өрөөний засвар, тохижилтын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирээд байна. Монгол болон Туркийн соёлын хамгийн нийтлэг нэг зүйл болох гар бичмэл, соёлын өвүүдийг хадгалж хамгаалах нь чухал. Ялангуяа бидний өвөг дээдсийн бичсэн түүхийг ирээдүй хойчид өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм. Энэхүү лабораторид байгаа 1205 тод үсгийн судар, 6689 төвөд үсгийн судар, 1257 монгол үсгийн судрыг хадгалан хамгаалах ажилд тус нэмэр оруулсандаа бид маш их баяртай байна. Г.Чулуунбаатар академичийн хэлснээр ШУА-ийн бусад хүрээлэнгүүдтэй хамтран ажиллахад манай үүд хаалга хэзээд нээлттэй байгаа. Энэ сайхан төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье” гэсэн юм.
