Үндсэн агуулга руу

Мэдээ

ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ХҮҮХДИЙН ЭХ ХЭЛНИЙ ТАЛААРХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2026.10.30  |  МэдээfX⧉

Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран “Дэлхийн монгол хэл, соёлын багш нарын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн–II” олон улсын арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 26–30-ны өдрүүдэд Турк Улсын Истанбул хотноо зохион байгууллаа.

Тус хурал, зөвлөгөөн нь хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн өв хэл, соёлын боловсролын талаарх судалгааг өргөжүүлэх, олон хэлний орчинд монгол хэл заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байв.

Хурлын нээлт 10 дугаар сарын 26-ны өдөр Турк Улсын Үндэсний боловсролын академийн Истанбул дахь Сургалт, хөгжлийн төвд болов.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал О.Шинэбаяр, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Жавзандулам нар мэндчилгээ дэвшүүлэв.

Хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Соёл урлагийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид болон АНУ, Австрали, Швед, Герман, Турк, Бельги, Чех, Швейцар, Испани, Япон, БНСУ, Тайвань зэрэг улс, бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг монгол сургууль, холбоо, сургалтын төвийн үүсгэн байгуулагч, удирдлага, багш нарын нийт 60 орчим төлөөлөл оролцов.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Г.Гэрэлмаа, Дуун ухааны сан хөмрөгийн эрхлэгч, доктор С.Энхжаргал нар “Үндэсний онцлогтой үгийн сангийн судалгааны зарим үр дүн” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.

Илтгэлд монгол ахуй, соёл, уламжлалт мэдлэгийг илэрхийлсэн үндэсний онцлогтой үгсийг сонгон бүрдүүлэх, утгын бүлгээр ангилах, сургалтын түвшинд тохируулан хуваарилах судалгааны арга зүй, эхний үр дүнг танилцууллаа.

Түүнчлэн үндэсний онцлогтой үгийн санг хүүхдийн нас, хэлний мэдлэгийн түвшинд нийцүүлэн сургалтын агуулгад тусгах, олон хэлний орчинд өсөж буй монгол хүүхдийн өв хэл, соёлын мэдлэгийг хөгжүүлэхэд ашиглах боломжийг авч үзэв.

Энэхүү судалгаа нь хос хэлтэй монгол хүүхдийн монгол хэлний сургалтын агуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, үндэсний хэл, соёлын мэдлэгийг сургалтаар дамжуулан өвлүүлэхэд ач холбогдолтой юм.

Компьютер хэл шинжлэлийн лабораторийн эрхлэгч, доктор Т.Пүрэвсүрэн, МУИС-ийн багш, доктор Ц.Батдорж нар хүүхдийн үгийн сангийн судалгааны үр дүнгийн талаар хамтарсан илтгэл тус тус хэлэлцүүлэв.

Тус илтгэлд хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэлний сургалт зохион байгуулахад шаардлагатай “А түвшний үгсийн жагсаалт боловсруулах” багийн ажлын үр дүнгээс танилцууллаа.

Эдгээр илтгэл нь 2023–2025 онд Боловсролын яамнаас хэрэгжүүлсэн “Хүүхдийн судлагдахууны хичээлүүдийн үгийн нөөцийг тогтоож, үгийн санг түвшинд оноох” төслийн хүрээнд үндэсний онцлогтой үгийн жагсаалт боловсруулах, цахим тайлбар толь бүтээх чиглэлээр гүйцэтгэсэн ажил, мөн 2026–2027 онд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Хос хэлтэй монгол хүүхдийн монгол хэлний стандарт, түвшин, үнэлгээний систем боловсруулах” төслийн хүрээнд хийж буй манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын судалгааны явц, эхний үр дүн болно.

Хуралд хэлэлцүүлсэн судалгааны өгүүллүүдийг “Боловсролын судалгааны Монголын сэтгүүл”-д хэвлэн нийтлэхээр төлөвлөж байна