“Эх хэл – Нэг Монгол” монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эх хэл – Нэг Монгол” монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн хоёр үе шаттай хуралдлаа.

Нэгдүгээр шатны зөвлөгөөнд орон нутаг, аймаг, дүүргүүдэд зургаан бүсээр бүх шатны боловсролын сургалтын байгууллагын 665 багш, мэргэжилтэн, хоёрдугаар шатны зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагын монгол хэл, уран зохиолын багш, удирдах ажилтан, мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий нийт 728 төлөөлөгч Төрийн ордонд 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр чууллаа. Мөн гадаад дахь монгол хэл, соёлын сургалтын төвүүд болон Баян-Өлгий аймгийн багш нарын төлөөлөл цахимаар оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ эх хэл, үндэсний бичиг, утга зохиолоо уламжлан хөгжүүлэх, судлан шинжлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд хүчин зүтгэж буй багш, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ. Энэ удаагийн зөвлөгөөнийг “Эх хэл-Нэг Монгол” уриан дор зохион байгуулсан нь монголчууд дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаагаас үл хамааран эх хэл, өв соёлоороо холбогдож, үндэсний эв нэгдэл, оюун санааны дархлаагаа бэхжүүлэхийн чухлыг илэрхийлж буй. Монгол хэлний багш нарын зөвлөгөөнийг таван жил тутам тогтмол зохион байгуулж, ололт амжилтаа дүгнэн, бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлж байх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, ажил үйлсээрээ салбартаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нарт шагнал гардууллаа. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, монгол хэл, бичиг, утга зохиолын үнэт өвийг хамгаалан хөгжүүлэхэд эрдэмтэн судлаач, багш нарын үүрэг, оролцоо чухал болохыг онцолж, орон нутаг, бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан багш нарын санал, санаачилга, бодит туршлагыг төрийн бодлогод тусган ажиллахаа илэрхийлсэн юм.

Зөвлөгөөний үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Эх хэл ба ирээдүйн чадамж” сэдвээр илтгэл тавьж, монгол хэлний боловсролын шинэчлэлийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор Д.Заяабаатар “Монгол хэл судлалын өнөөгийн байдал: Асуудал, шийдэл” сэдвээр, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Отгонбаатар “ПИСА 2025: Уншаад ойлгох чадварын гүйцэтгэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний хүрээнд 6 салбар хуралдаанаас гарсан зөвлөмжийг салбар бүрээ төлөөлсөн багш нар танилцуулж Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын боловсролын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн арга зүйг шинэчлэх, эх хэлний хэрэглээ, судалгааны өнөөгийн ололт үр дүнг сургалтад нэвтрүүлэх, уран зохиолын сургалтын чанар, гадаад дахь монгол хүүхдийн эх хэлний асуудал, Монгол хэлний хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үндэсний соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх зэрэг олон асуудлыг дэвшүүлж байлаа.

Тус зөвлөгөөний төгсгөлд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор О.Шинэбаяр анхдугаар чуулганаар нэгтгэсэн 9 багц асуудлаар буюу Нэг. Эх хэлний боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, Хоёр. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгох, Гурав. Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний чанар, хүртээмжийг сайжруулах, Дөрөв. Багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжлийг хангах, Тав. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ажлын үр дүнг бодитой үнэлж, сургалтын орчин бүрдүүлэх, Зургаа. Үнэлгээ, суралцагчийн ахиц ба шалгалтын нийцэл, Долоо. Хүүхдийн хэл ярианы хөгжил, нийгмийн болон цахим орчин дахь эх хэлний хэрэглээ, Найм. Үндэстний цөөнхийн хүүхдийн монгол хэлний боловсролыг дэмжих, Ес. Гадаад дахь монгол хүүхдийн өв хэлний боловсролыг дэмжих гэсэн зөвлөмжийг уншиж хэлэлцүүллээ. Зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчид мандатаа өргөн, нэгдсэн зөвлөмжийг баталлаа