Үндсэн агуулга руу

Бүтээл

Бүтээлийн танилцуулга

Монгол аман зохиолын туурвил зүй

МОНГОЛ АМАН ЗОХИОЛЫН ТУУРВИЛ ЗҮЙ

Зохиогч: Б.Катуу, Т.Баясгалан, Ч.Заяасүрэн

Редактор: Р.Чүлтэмсүрэн. Уб., 2017, 246 х.

“Соёмбо принтинг” ХХК-д хэвлэв.  ISBN:978-99978-52-34-2

Номын танилцуулга:. Уг номд монгол аман зохиолын 15 төрлийг бүхэлд нь хамруулах  боломжгүй учраас монгол тууль, магтаал, сацал, мялаалгын үг гэсэн шүлэглэсэн хэлбэртэй, яруу найргийн хэлээр илэрхийлсэн зохиолуудыг тус сэдвийн хүрээнд тусгайлан авч үзэхдээ туулийг дүрийн талаас, магтаалыг гарал үүсэл, хөгжил уламжлал, төрөл зүйлийн бүрэлдэхүүн, түүний тусгай онцлог ба дүрслэх арга, шүлэг бүтэх ёсны талаас, сацал, мялаалгын зан үйлийн шүлгийн үгийн сангийн найруулга, найруулгын тэгш хэм, уран дүрслэлийн талаас нь судлан шинжилжээ. Энэ ном гурван бүлэгтэй.

“Монгол туулийн уран сайхны онцлог” хэмээх нэгдүгээр бүлэгт туулийн гол дүр болох баатар эр, зөвлөх дүр болох хатан, сөрөг дүр болох мангас, туслах дүр болох хүүхэд, бүргэд, нохойн дүр болон эдлэл хэрэглэлийн зүйл болох зэр зэвсгийг хэрхэн дүрслэн бүтээсэн уламжлал, арга хэрэглүүр, бодит эх үндсийг судалжээ. Түүнчлэн монгол тууль дахь зан үйлийн элементүүд нь туулийн бүтэц агуулгад хэрхэн тусгалаа олсныг тодруулж үзсэн байна. Онцлон тэмдэглэхэд энэ бүлэгт туулийн дүр бүтээх оцлогийг уран сайхны арга хэрэглүүрийн талаас биш, дүр бүтээх үзэл санаа, түүнийг илэрхийлэх арга хэлбэр, агуулга хэлбэрийн нэгдэл, ихэсгэл, хэтрүүлэл зэрэг урнаар дүрслэх хэрэглүүрийг ямар учраас хэрэглэдэг талаас нь судлан шинжилсэн болно.

“Магтаалын уран сайхны онцлог” хэмээх хоёрдугаар бүлэгт магтаал хэмээх үгийн урлаг нъ  анх хэрхэн үүсч, анхны тэрхүү хэлбэрээс одоогийн бие даасан төрөл зүйл болтлоо хөгжлийн ямар замыг туулж, хэрхэн боловсорч, сэдвийн  талаар хэрхэн баяжиж ирснийг цуваа цагийн хүрээнд  өгүүлээд, эдүтээгийн магтаалуудын дүр бүтээх арга хэлбэрүүд, бүтэц зохиомж, бадаглал зүй, шүлгийн холбоц, хэлний уран яруу хэрэглүүр, найруулгын хэв маяг гэсэн асуудлыг авч үзжээ. Ялангуяа магтаалын туурвил зүйн уламжлал шинэчлэлийн асуудлыг XX зуунаас өмнөх үе, XX зуун гэсэн хоёр цаг үеийн ялгаанд, аман ба бичгийн уран зохиолын хөгжлийн харилцан нөлөөллийн хүрээнд судалжээ. Ингээд XX зуунаас өмнөх үеийн монгол аман уламжлалт магтаал, XX зуунаас хойш үеийн магтаал нь туурвил зүйн  арга уламжлалын талаар эрс ялгаатай  гэдгийг тодруулсан байна.

“Сацал, мялаалгын зан үйлийн шүлгийн уран сайхны онцлог” хэмээх гуравдугаар бүлэгт монгол аман зохиолын бага төрөл зүйлийн нэгэн хэсэг сацал, мялаалгын зан үйлийн шүлэг нь агуулга үзэл санааны хувьд нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, байгаль, ахуй орчныг таван хошуу малтай холбон илэрхийлсэн ахуй соёлын баримт мөн болохыг жишээ баримтаар тодруулжээ. Сацал, мялаалгын зан үйлийн шүлгийн уран сайхны онцлогийг тодруулан судлахдаа үгийн сангийн хэрэглүүрүүдийг хэрхэн ашигласныг хуучин үг, хоршоо, холбоо үг, ойролцоо утгатай үг, эсрэг утгатай үг, гадаад үгийн хүрээнд авч үзэж, тухайн үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогуудтай холбон тайлбарлажээ. Мөн сацал, мялаалгын зан үйлийн шүлэгт хэл найруулгын тэгш хэмийг уран сайхны зорилго чиглэлд хэрхэн захируулсан эсэхийг тодруулжээ. Түүнчлэн уран дүрслэлийн аргуудыг хэрэглэсэн байдлыг нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогтой холбон тайлбарлах гэх зэрэг асуудлыг авч үзсэн явдал нь монгол аман зохиол судлалын туурвил зүйн судалгаанд бага ч гэсэн хувь нэмэр болох юм.

Шинэлэг байдал, давуу тал: “Аман болон бичгийн уран зохиолын тусгагдахууны хувьсал ба уран сайхны үнэлэмжийн судалгаа” сэдэвт ажлын хүрээнд бичсэн тус хамтын бүтээл нь аман зохиолын туурвил зүйн сэдвээр манайд гарч буй анхны бүтээл.

Монгол аман зохиолынхоо бичлэгийн уран сайхан, дүр, мотив, өгүүлэмж, дүрслэлийн  онцлог, гоо зүйн асуудлыг авч үзэхдээ тухайн үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогтой холбон тайлбарласнаараа шинэлэг болсон. Мөн “Монгол аман зохиолын туурвилзүй” ном нь аман зохиолын туурвилзүйн чиглэлээр судалгаа хийдэг судлаач, багш бэлтгэж буй их дээд сургуулиудын оюутан залуус, сонирхогчдод чухал гарын авлага болно.

Үйлдвэр, үйлчилгээний нэвтрүүлэлт: Өнөө үед аман соёлын бүтээлүүдийг өвлөн уламжлах, шинэчлэн баяжуулах, шинээр зохиоход арга зүйн ач холбогдолоо өгсөн. Түүнчлэн соёлын биет бус өвийг өвлөн тээгчдэд, соёл урлагийн байгууллагын ажилтны үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр үзүүлнэ.

Эх хэлний боловсролын асуудалд

“ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН АСУУДАЛД”

Зохиогч: С.Энхжаргал (Ph.D) jagaasanjperlee@gmail.com, Д.Боролзой borolzoid@gmail.com

Зохиогчид эдүгээ судлаачид болон олон нийтийн дунд тулгамдаж буй хоёр үндсэн асуудалд анхаарал хандуулжээ. Тухайлбал, уг бүтээлийн “Эх хэл ба боловсрол” гэсэн хэсэгт доктор С.Энхжаргал бүх нийтийн эх хэлний боловсролд хамгийн их үүрэгтэй дунд сургуулийн сурах бичгийн хэл найруулга, чанарын асуудлаар судалгаа хийв. Учир нь аливаа хүнд эх хэлний боловсролыг чанар хүртээмжтэй олгох гол хэрэглүүр бол төрөл бүрийн шинжлэх ухааны мэдлэг ухааныг хялбаршуулан тайлбарласан сургалтын хэрэглэгдэхүүн буюу хичээл тус бүрийн сурах бичиг билээ.

Харин Д.Боролзой “Эх хэл ба цахим орчин” хэсэгт монгол хэл шинжлэлийн салбарт шинэ тутам хөгжиж байгаа интернэт хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж, интернэт орчин дахь монгол хэлний хувьсал хөгжил, хэлний хэм хэмжээ, хэдийгээр интернэт орчны нэг хэсэг боловч мэдээллийн албан ёсны сайт болоод нийгмийн сүлжээний ялгаа зааг, адил төстэй тал, түүнд хэл шинжлэлийн судалгааны талаас хэрхэн хандвал зохистой гэх мэт асуудалд судалгаанд үндэслэн тодорхой хариулт өгчээ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ

Сурах бичгийн агуулга хоорондын уялдаа холбоо, зарим хэл шинжлэлийн нэр томьёоны тайлбар томьёолол, үг хэллэгийн утгын тайлбар зэргийг ажиглан, харьцуулан судалж, тайлбар толь зохиох аргазүйн дагуу тогтсон арга, зарчим баримталж нэг загварыг мөрдөх нь сурагчдад танин мэдэхүйн цэгцтэй мэдлэг олгоход чухал нөлөөтэй төдийгүй үгийн баялгийг нэмэгдүүлж, эх хэлний үгийн сангийн нөөцийг эзэмшихэд хялбар дөхөм байж болохыг тодорхой жишээгээр өгүүлэхийг зорьсон байна.

Монгол хэл шинжлэлийн ухаан олон салбар чиглэлээр урагшлан хөгжиж байгаагийн нэг нь интернэт хэл шинжлэл (internet linguistic) юм. Өнөө цагт интернэт хэмээх технологийн дэвшил хүний хэлэнд хүртэл нөлөөлж чадах нэгэн хүчин зүйл болжээ. Өөрөөр хэлбэл интернэт нь хэлэнд шинэ үзэгдэл болохын хамтаар мөн “шинэ бэрхшээл”-ийг үүсгэх болсноор тулгамдсан олон асуултууд олон нийт, судлаачдын дунд бий болсон юм. Энэ судалгаагаар интернэт орчин дахь монгол хэлний хувьсал хөгжил, хэлний хэм хэмжээ, хэдийгээр интернэт орчны нэг хэсэг боловч мэдээллийн албан ёсны сайт болоод нийгмийн сүлжээний ялгаа зааг, адил төстэй тал, түүнд хэл шинжлэлийн судалгааны талаас хэрхэн хандвал зохистой гэх мэт тулгамдсан асуудалд судалгаанд үндэслэн тодорхой хариулт өгчээ.

ШИНЭЛЭГ БАЙДАЛ, ДАВУУ ТАЛ

“Эх хэл ба боловсрол” хэсэгт сурах бичгийн эхэд буй үг хэллэгийн утга хэрэглээ, давтамжийг тооцон гаргаснаар хэл найруулгын гол шаардлага болох энгийн ойлгомжтой, эмх цэгцтэй болсон эсэх, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон үг хэллэг, нэр томьёог оруулсан эсэх, тухайн нэр томьёоны тайлбарыг хэл шинжлэлийн ухааны онол-арга зүйгээр хялбаршуулан тайлбарласан эсэхэд голлон анхаарснаараа шинэлэг болно.

“Эх хэл ба цахим орчин” хэсэг нь бүх нийтийн эх хэлний боловсролыг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйлийн талаар орчин үеийн хэл шинжлэлийн үүднээс цахим орчинтой холбон тусгайлан судалсан дорвитой бүтээл өнөө хэр үгүйлэгдсээр байгааг нөхсөн судалгаа болжээ.

ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭВТРҮҮЛЭЛТ

Энэхүү судалгааны бүтээлийг дунд сургуулийн болон их, дээд сургуулийн багш нар хичээл сургалтандаа ашиглах, салбарын эрдэмтэн судлаачид судалгааны бүтээлдээ тус тус ашиглах боломжтой.

Бичгийн хүмүүний бийрийн увдис

“Бичгийн хүмүүний бийрийн увдис” ном хэвлэгдлээ.

“Бичгийн хүмүүний бийрийн увдис” хэмээх бүтээлийг Монгол судлалын нэрт эрдэмтэн, Монгол улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич Далантайн Цэрэнсодномын төрсний 80 насны ойд зориуллаа. Монгол хэл бичгийн шинжлэх ухаанд анхан хөл тавьсан цагаас нь эхлээд өнөөдрийг хүртэл Монгол судлалын хөгжилд тод томруун хувь нэмрээ оруулсаар буй Д.Цэрэнсодном академичийн бүтээл туурвилын чиг хандлагыг тодорхойлохуйц, эрдэм шинжилгээний өгүүллийн охь дээжийн эмхэтгэл бүтээл юм.

Тус бүтээл нь I. Өгүүлэл, шүүмж тэмдэглэл, II. Д.Цэрэнсодномын бүтээлийн тухай эрдэмтдийн бичсэн шүүмж, тэмдэглэл, III. Академич Д.Цэрэнсодномын бүтээл туурвил хэмээх 3 бүлгээр бичигджээ. Үүнд: “Бэнсэн үлгэрийн онцлог байдал”, “Монголын нууц товчоон”-ы хятад хадмал орчуулгад орхигдсон үг хэллэгийн тайлбар”, “Монголын Буддын утга зохиол дахь Турфаны олдворын эрдэм шинжилгээний ач холбогдол” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, “Гилбэр зуугийн шүтээн”, “Сэрүүн тунгалаг Утайн орноор”, “Туулайн тухай домог буюу Паньсури” зэрэг эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл, “Монгол цэцэн үгийн далай” нэрт эмхэтгэлийн тухай”, “Л.К.Герасимовичийн “Монгол шүлэг найруулах ёс” гэдэг номын тухай”, “Бөөрөө бөгсөнд, цээрээ цээжинд атугай” зэрэг эрдэм шинжилгээний шүүмж, тэмдэглэл, Д.Кара “Цэрэнсодномын “XIV зууны үеийн яруу найрагч Чойжи-Одсэр” хэмээх зохиолын тухай”, Л.Герасимович “О диссертации Д.Цэрэнсоднома  "Поэтическое наследие монголов XIII-XIY веков  (проблемы теории и истории)”, Л.Хүрэлбаатар “Академич Д.Цэрэнсодномын утга зохиол судлалын бүтээл” зэрэг эрдэмтдийн бичсэн өгүүллийг эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн академич Д.Цэрэнсодномын бүтээл туурвилын жагсаалтыг бүртгэлжүүлэн ангилсан нь түүний бүтээлийг сонирхон уншигч, эрдэмтэн судлаачдад гарын авлага болох буй за.