ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН 100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ
ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН 100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ



Судар бичгийн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн ёслол 2021 оны 12-р сарын 27-ны өдөр “Blue sky” зочид буудлын “Diamond” танхимд боллоо.



Хүндэтгэлийн ёслолыг Монгол улсын ардын жүжигчин Г.Равдан хөтөлж, Монгол ардын уртын дуу “Эрхэм төр” дууг Уртын дууч Монгол Улсын ардын жүжигчин Д.Түвшинжаргал, морин хуурч Монгол Улсын ардын жүжигчин Ч.Батсайхан болон уртын дуучид эгшиглүүллээ.
Хүндэтгэлийн ёслолыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй нээж үг хэлэв.


Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, доктор Ч.Лодойравсал, Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, шашин судлалын ухааны доктор, профессор Ч.Дамбажав, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэдэв, СГЗ, доктор, профессор Ч.Дагвадорж, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновац, бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, СГЗ, доктор, яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар болон Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэм шинжилгээний ажилтнууд, тэдгээрийн гэр бүл, хамтран ажилладаг эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн судлаачид оролцов.


Тэгш ойг тохиолдуулан Монголын хэл шинжлэл, Утга зохиол судлалыг хөгжүүлэхэд бүтээлч оюунаа зориулсан эрдэмтэн судлаачдад баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлснээс гадна, Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ.


Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулж гадаадын улс орнуудын ШУА, хамтран ажилладаг байгууллага, эрдэмтэн судлаачдаас баярын мэндчилгээ ирүүлжээ. Тухайлбал, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал А.К.Аликберов, БНХАУ-ын ШУА-ийн Үндэстний уран зохиол судлалын хүрээлэнгийн захирал Цогжин, ОХУ-ын ШУА-ийн Санктпетербургийн салбарын дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал И.Ф.Попова, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, төвөд, будда судлалын хүрээлэнгийн захирал Базаров, Австри дахь Юнеско-гийн харьяа Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв Инфотерм, Халимагийн Их сургууль, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулийн Монгол судлалын салбарын профессор Казүюки Окада, БНХАУ-ын Баруун хойтын үндэсний их сургуулийн профессор Бу.Мөнхөө, Эстони улсын Тартугийн Их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналт, доктор профессор Г.Ц.Пюрбеев зэрэг гадаадын хамтран ажиллагч байгууллагуудын удирдлагууд баярын мэндчилгээ ирүүлснийг уншиж танилцуулав. Мөн хамтран ажилладаг дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудаас 100 жилийн баярын мэнд хүргэлээ.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй “Шинжлэх ухааны ууган байгууллага- зууны түүхтэй хүрээлэн” илтгэлдээ Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасгаас эхтэй Хэл зохиолын хүрээлэнгийн түүх, бүтэц бүрэлдэхүүн, Хэл шинжлэл, утга зохиол судлалын орчин үеийн чиг хандлага, цаашдын зорилго зорилтын талаар дэлгэрэнгүй өгүүлэв.
Ойн арга хэмжээний үеэр Хэл зохиолын хүрээлэнд нэгэн жаран ажилласан академич Д.Цэрэнсодном гуайд хүндэтгэл үзүүлж эрдмийн хамт олноос нь дурсгалын зүйл хадгалуулав.

Зуун жилийн тэгш ойг тохиолдуулан Хэл зохиолын хүрээлэнгээс анх удаа “Хүндэт доктор” цол олголоо. Хэл зохиолын хүрээлэнгийн “Хүндэт доктор”-оор Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Академич Д.Төмөртогоо, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Бүгд Найрамдах Турк Улсын Шинжлэх Ухааны Академийн Хүндэт гишүүн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Академич Л.Болд, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор О.Самбуудорж, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатар их сургуулийн захирал, доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Улаанбаатар их сургуулийн зөвлөх профессор, доктор Д.Цэдэв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Сурвалж бичиг, төвөд судлалын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар нар боллоо.


Мөн зуун жилийн ойгоо тэмдэглэж буй Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдад Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академийн шагналыг гардуулав.
Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Т.Пүрэвсүрэн, Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Д.Боролзой, Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Д.Уртнасан, Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ууганбаатар нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулав.


Мөн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Э.Мөнхцэцэг, Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант С.Энхбадрах, Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Э.Баярчимэг, Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр М.Энхжаргал Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичгээр шагнууллаа. Сурвалж бичиг, төвөд судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Б.Баяртуяа, Х.Бираасүрэн, Д.Буянбаатар, Аман зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Батмөнх, Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баярмаа, Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ё.Мөнхбат, Хэл зохиолын хүрээлэнгийн референт Э.Ариунтуяа, Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан М.Очирцэнд, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Н.Амартүвшин нар Шинжлэх ухааны академийн Хүндэт жуух бичгээр, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Хэл зохиолын хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Жаргал, Монгол улсын соёлын яамны жуух бичгээр Сурвалж бичиг, төвөд судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Мөнх-Отгон нар тус тус шагнагдлаа.
Хүндэтгэлийн ёслолын үеэр "Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн- 100 жил, 100 үйл явдал, 100 зураг, 100 эрдэмтэн" номын нээлт боллоо. Энэхүү ном нь Хэл зохиолын хүрээлэнгийн өнгөрсөн зуун жилийн түүхийг гэрэл зурагтай, баримттайгаар харуулсан бүтээл юм.

Хүндэтгэлийн ёслолын төгсгөлд дурсгалын зураг авахуулав.
Гэрэл зургийг Б.Лхагважав, Т.Загарпэрэнлэй


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө