“СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА – ШИНЭ СУДАЛГАА” сэдэвт цуврал семинар – II
“СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА – ШИНЭ СУДАЛГАА”   сэдэвт цуврал семинар – II


Эрдэмтэн судлаачдын судалгааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллээ харилцан солилцох, шинэ санаа, шинэ аргазүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой цуврал семинарын хоёр дахь дугаар 2023 оны 5 сарын 29-ний даваа гарагийн 10:30-12:00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 410 тоот хурлын танхимд болов. Семинарт МУБИС-ийн философи-нийгэм судлалын багш, судлаач, орчуулагч Ж.Отгонбаяр “Домгийн сэтгэлгээ: арга, хандлага, философи үзэл” сэдвээр ярьж, Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид, МУБИС, ШУТИС-ийн багш, судлаач, оюутнууд болон олон нийтийн төлөөлөл сонирхогчид оролцов.


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан эхлүүлсэн “Судлаачийн шинэ санаа, шинэ судалгаа” семинарын хоёрдугаарыг тус хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбар хариуцан орчуулагч, философич Ж.Отгонбаярыг урин оролцуулсан юм. Нийгэм, хүмүүнлэгийн салбарт тулгамдсан асуудал болоод байгаа орчин үеийн фиолософ суурь болон аман зохиол судлал (folklore) –ын гол ойлголт болох домог, домогзүйн сэтгэлгээ, хандлагыг ойлгох, өрнийн их сэтгэгчдийн домогзүйн сонгодог бүтээлүүд судалгаа, танин мэдэхүйд чухал болохыг тайлбарласан онолын шинжтэй чухал семинар-ярилцлага боллоо.




Философич, орчуулагч Ж.Отгонбаяр домог (миф) –ийг хэрхэн тайлбарладаг, нэршил, домгийн сэтгэлгээ, домгийн логик зэргийн зааг ялгаанаас яриагаа эхэлсэн юм.
Хүнд домог зүйн сэтгэлгээ яагаад, юуны үндсэн дээр үүссэн гэсэн таамаглалыг дэвшүүлэхийн өмнө “домог” гэсэн нэр томъёоны утгыг тодорхойлох шаардлагатай. Орчин үед домог гэдэг үг давхар утгатай бөгөөд нэг талаас, олон нийтийн дунд домгийг “зохиомол”, “үнэн бус”, сайндаа үлгэр шиг зүйл гэж ойлгодог бол нөгөө талаас, өнөөгийн шинжлэх ухаан, ялангуяа сүүлийн хэдэн арван жилд түүнийг өөр, “эерэг” утгаар тайлбарласан утга болно.
Олон улсад myth хэмээн нэрлэгдсэн хүн төрөлхтний томоохон өв энэхүү судлагдахууныг манайд домог-үлгэр, домог гэх мэтээр ялгаатай нэрлэж одоо болтол нэг мөр болоогүй байгаа бөгөөд манай улсад аман зохиолын төрөл болох талаас нь түлхүү судалж ирснийг дурдаад сэтгэлгээний талаас, өөрөөр хэлбэл иррациональ хандлагаар хандах цаг болсныг дурдав.


Тэрээр домогзүйн сэтгэлгээг гол категориудаар тайлбарлан өгүүлсэн юм. Тухайлбал, домогзүйд ертөнцийг босоо тогтолцоотой болохыг жишээ нь, “Эрхий мэргэн” үлгэр (домог-үлгэр) дэх хүн-тарвага, морь-алаг даага болон хувирч дунд ертөнцөөс доод ертөнцөд шилжиж байгаа шилжих процессоор тайлбарласан нь анхаарал татаж байлаа.
Философич Ж.Отгонбаяр хүн төрөлхтний философи болон домгийн сэтгэлгээний сонгодог бүтээлүүдийг орчуулан “Софило” цувралаар нийтэлж, олон нийтэд хүргэдэг бөгөөд өөрийн орчуулсан, домогзүйд хамааралтай Зигмунд Фройд “Онгон шүтлэг ба хорио цээр”, Ж.Ж.Фрэйзер “Алтан гишүү”, К.Лэви-Строс “Бүтцийн антропологи”, Камю Альберт “Сизифийн тухай домог”, Мирча Элиаде “Домог зүйн сэтгэлгээ”, Макс Шелер “Философийн хүн судлал” зэрэг гол бүтээлд тулгуурлан товч тайлбарууд өгсөн нь тэдгээр бүтээлээр дамжуулан домогзүйн сэтгэлгээг ойлгоход тус дөхөм боллоо. Тухайлбал, Ж.Ж.Фрэйзер “Алтан гишүү” бүтээлдээ эртний зан үйл, илбэ дом, шашин, шинжлэх ухаан, хорио цээр, шүтлэг бишрэлийн талаар судалж олон сонирхолтой зан үйлийн баримтыг дэлгэсэн нь зан үйлийн судалгаанд чухал хэрэглэгдэхүүн болсоор байгаа. Түүнчлэн, Макс Шелерийн “Философийн хүн судлал”-д хүний мөн чанарын тухай асуудлыг өвөрмөц байр сууринаас харснаараа содон бүтээл. Хүний философи тэрчлэн бүтээсэн түүний үндсэн ойлголтууд нь дур хүсэл, тэмүүлэл, ассоциатив ой, виталь зарчим, оюун санаа, идеаци, шүтээн бурхан, бурхан тэнгэр юм. Тэрбээр оюун санаа хэмээх ойлголтод өвөрмөц утга шингэсэн байдаг. Оюун санаа нь оюун ухаанаас өргөн хүрээтэй байдаг тухай ярив. Мөн “Бэлэг солилцоо” орчуулгын бүтээлийнхээ тухай ярихдаа уг номын агуулгыг харахад энгийн, хэн бүхний танил л сэдэв шиг санагдаж байсан. Гэтэл бэлэг сэлт ямар учиртай, ямар үүх түүхтэй эд вэ? “Хар булган дахны чинь хариуд хагацсан улсыг чинь хамтатгаж өгье” гэснийг бодоход бэлэг их хүчтэй эд юм. Тэгвэл, эрт урьд цагт бүр ч хүчтэй, ид шидтэй байсан аж. Бэлэг солилцоо нь хүний оршихуйн чухал харилцааны нэг хэлбэр болохыг уг номд дэлгэрэнгүй өгүүлсэн тухайгаа товч ярив.



Монголчуудын домгийн сэтгэлгээний талаар ард түмний менталитет буюу аж амьдралын онцлог, зан заншил, ёс зүйгээр илрэн гарч тодорхойлогдож байдаг ертөнцийг үзэх үзэлтэй холбон ярьсан сонирхолтой ярианы эцэст тухайн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс сонирхсон асуултаа асууж харилцан ярилцлаа. Тухайлбал, Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) А.Алимаа “Дорж Банзаровын “Монголчуудын бөө мөргөл ба хар шүтлэг” номтой уялдуулан монголчуудын бөө мөргөлийн тухай, тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) О.Шинэбаяр түүний хэлний философийн талаарх үзэл бодол, мөн метаверс буюу олон соёлын нөлөө нетфликс зэрэг янз бүрийн контентоор дамжин нэвтэрч байгаа болон бидний зүгээс өөрийн гэсэн соёлын агууламж бүхий контент хийх талаар ямар үзэл бодолтой байгааг асуув. Мөн “Эх хэл бичгийн сан хөмрөг, лаборатори”-ийн эрхлэгч доктор (Ph.D) С.Энхжаргал хэл сэтгэлгээний харилцаа холбооны үүднээс өрнө, дорнын сэтгэлгээний ялгааны талаар судалгаа их байдгийг дурдаад монголчуудын сэтгэлгээний өвөрмөц талыг тодруулан ярихыг хүссэн юм. Хэрэглээний хэл шинжлэлийн ЭША, доктор (Ph.D) Г.Гэрэлмаа зарим нэг нэр томьёоны орчуулгыг тодруулах үүднээс мифология буюу домог зүйг домог судлал, домог зүй гэж орчуулсан нь нэр томьёоны хувьд ямар нэг түвшний ялгаа бий эсэх талаар асуулт асууж харилцан ярилцлаа.



Хэлэлцүүлгийнхээ төгсгөлд орчуулагч Ж.Отгонбаяр орчуулгынхаа бүтээлийн дээж болох 10 гаруй номыг тус хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) А.Алимаад гардуулан өгч, хэлэлцүүлэгт оролцсон судлаачидтай дурсгалын зураг татуулав.
Энэ удаа нийгмийн салбарын судлаачдад тулгамдаж буй олон асуудлыг тодруулж, салбар дундын судалгаанд философи сэтгэлгээний бүтээлүүд чухал нөлөөтэй, зарим тохиолдолд шийдэл болдог, домогт иррациональ түвшинээр хандах, орчин үед домогзүйн сэтгэлээ илүү хүчтэй илрэх болсон зэрэг онолын асуудлуудыг тодруулан, ШУА болон их дээд сургуулиудын судлаач, багш нарын хамтын ажиллагааны чухлыг харуулсан семинар боллоо.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн
Аман зохиол судлалын салбар


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө