Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн нь 1921 онд байгуулагдсан цагаасаа эхлэн монгол хэлний үгийн сан, хэл зүй, харьцуулсан хэл зүй, толь бичгийн иж бүрэн судалгаа, Монголын эртний болон орчин үеийн уран зохиолын судалгаа, шүүмж судлал, Монголын уран зохиолын харилцаа холбоо, сурвалж судлалын чиглэлээр голлон ажиллаж, үндэсний эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх, шаардлагатай сурах бичиг, гарын авлагаар хангах чиглэлээр ажиллаж ирсэн билээ.
Монгол хэлний тухай хуулийн 22.1-д заасан “монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий эрх бүхий судалгааны байгууллага юм. Тус хүрээлэн нь монгол хэлний зөв бичих дүрэм боловсруулж, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар санал дэвшүүлэх, эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний бусад байгууллагаас боловсруулсан бичиг үсгийн дүрмийн гарын авлага, монгол хэлний үгийн сангийн болон мэргэжлийн хэлний толь бичиг, бусад холбогдох толь бичиг монгол хэлний зөв бичих дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах, холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах, төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлыг зохион байгуулах, монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг боловсруулах ажлыг төрийн нэрийн өмнөөс хариуцан гүйцэтгэдэг.