Нийтлэсэн
Хэл зохиолын хүрээлэн нь анх 1921 оны 11 сарын 19-д
Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасаг нэртэй байгуулагджээ.
1921 онд Ардын хувьсгал ялаад удаагүй байх үе бүхий 11
сарын эх орчмоор хэсэг бичгийн хүн улс орныхоо хоцрогдлыг арилгах, ард түмнээ
соён гэгээрүүлэх, бичиг үсэгтэй, соёл боловсролтой болгохын тулд шинжлэх ухааны
зүйл бүрийн салбарыг хөгжүүлэх Номын хүрээлэн байгуулах саналыг Ардын Засгийн
газарт өргөн мэдүүлсэн байна. Ардын Засгийн газар мөн оны 11 сарын 9-ний өдрийн
хурлаараа энэхүү саналыг авч хэлэлцээд Нийслэл Хүрээний газар Номын
хүрээлэн байгуулж олон улсын ном судар ба сургуулийн бичгүүдээс аль чухал
хэрэглэгдэхийг нь өөрийн хэл бичигт түүвэрлэн орчуулж олон ардыг сурган
боловсруулж, оюуныг судлуулан нэвтрүүлэхээр тогтжээ. Энэхүү тогтоолын
дагуу С.Жамъян, Ж.Цэвээн, Д.Дашням, Ч.Бат-Очир, Өлзийноров нар Номын
хүрээлэнгийн дүрмийг 15 зүйлтэйгээр боловсруулсныг Засгийн газрын мөн оны 11
сарын 19-ний өдрийн хурлаар сайшааж ёсоор баталж, Эрхэлсэн сайдад С.Жамъян,
Нарийн бичгийн даргад Ж.Цэвээн нарыг томилжээ. Энэхүү хүрээлэнгийн бүтэц нь
эрхэлсэн сайдаас гадна Дуун ухааны тасагтай, эхэн үедээ монгол хэл бичгийн
судалгааг эрхлэн явуулдаг байсан ба улмаар 1961 онд Шинжлэх Ухааны Академийг 5
хүрээлэнтэйгээр байгуулсны нэг нь эдүгээгийн Хэл зохиолын хүрээлэн болно. 2015
оны 1 сарын 26-ны өдрийн Засгийн газрын 27-р тогтоолоор тус хүрээлэнг ШУА-ийн
харьяанд хэвээр үлдээжээ.
Тус хүрээлэнд манай үе үеийн нэрт эрдэмтэд, үндэсний
сэхээтнүүд ажиллаж ирсэн ба гадаадын олон монголч эрдэмтэн хамтран ажилладаг.
Тухайлбал, О.Жамъян, С.Шагж, А.Амар, Бат-Очир гүн, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен,
Я.Цэвэл, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв, Х.Лувсанбалдан, Чой.Лувсанжав,
Э.Вандуй, Б.Содном, П.Хорлоо, Д.Ёндон, Л.Хүрэлбаатар, Д.Цэрэнсодном,
Д.Төмөртогоо, Л.Болд нарын нэрт эрдэмтдийн хөдөлмөр бүтээлийг онцлон дурдаж
болно.
Хэл зохиолын хүрээлэн нь байгуулагдсан цагаасаа эхлэн
монгол хэлний үгийн сан, хэлзүй, толь бичгийн иж бүрэн судалгаа, Монголын
эртний болон орчин үеийн судалгаа, шүүмж судлал, Монголын уран зохиолын
харилцаа холбоо, сурвалж судлалын чиглэлээр голлон ажиллаж, үндэсний боловсон
хүчин бэлтгэх, шаардлагатай сурах бичиг, гарын авлагаар хангах талаар анхаарал
тавьж ирсэн билээ. Тухайлбал, С.Шагжийн зохиосон “Эрэхүйеэ хялбар болгон
зохиосон монгол хэлний тайлбар Чандманийн эрих” толь бичиг, бүх нийтийн эх
хэлний боловсролыг дээшлүүлэх талаар “Хэл бичгийг сайжруулах бодлогын
өгүүлэл” цуврал, “Монголын нууц товчоо” /Ц.Дамдинсүрэнгийн
хөрвүүлэг/, “Орос-Монгол толь” /1957/, Я.Цэвэл “Монгол хэлний
товч тайлбар толь” /1966/, Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв
нар “Орос-Монгол толь”, “Орчин цагийн монгол хэлний зүй” /1966/ зэрэг
бүтээлүүдийг онцлон тэмдэглүүштэй. Түүнчлэн 1941 оноос эхлэн хэрэгжүүлсэн шинэ
үсэг-кирилл бичиг боловсруулах, зөв бичихзүйн дүрэм зохиох, бүх нийтийг бичиг
үсэгт сургах ажлыг гардан зохион байгуулж амжилттай хэрэгжүүлсэн тул тус
хүрээлэнг 1971 онд ЮНЕСКО алтан медалиар шагнасан юм. Түүнчлэн академич
Ц.Дамдинсүрэн, академич А.Лувсандэндэв нарын зохиосон 55 мянга орчим толгой
үгтэй Орос-Монгол толийг судлаачид Москва-Улаанбаатарыг холбосон төмөр замаас
дутуугүй ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байдаг. Мөн “БНМАУ-ын угсаатны
зүй, хэл шинжлэлийн атлас” /1972/, “Монголын уран зохиолын
тойм” /3 боть/, “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” /4
боть/, “Орчин цагийн монгол хэлний үгийн сан судлалын үндэс”, “Улсын нэр
томьёоны комиссын мэдээ” /147 боть/, “Монгол аман зохиолын чуулган” /42
боть/ зэрэг томоохон бүтээлүүд туурвисан билээ. Сүүлийн үед тус хүрээлэнгийн
хамт олон 120 мянга орчим үг хэллэг багтаасан “Монгол хэлний дэлгэрэнгүй
тайлбар толь” /5 боть/ зохиож олон нийтэд хүргэсэн ба Олон улсын төвд
судлалын ээлжит хурал, Төв Азийн тууль 2-р их хурал-наадмыг амжилттай зохион
байгууллаа.
Тус хүрээлэнгийн эрдмийн хамт олон 1921 оноос эхлэн эх
орныхоо өнцөг булан бүрд судалгааны ажлаар явж хэл аялгуу, аман зохиол, судар
номын арвин баялаг хэрэглэгдэхүүн бүрдүүлснээс эдүгээ 450 гаруй хавтас гар
бичмэл, 1000 орчим цагийн дуу бичлэг, 7000 гаран төвд судар, 1000 илүү тод
судар, 1200 монгол судар хадгалагдаж буй нь дэлхийн монгол судлалын ямар ч төв
одоогоор байхгүй баялаг эх хэрэглэгдэхүүнд тооцогддог. Түүнчлэн 1959
оноос Хэл зохиол судлал, Аман зохиол судлал, Дурсгалт бичгийн
чуулган болон Алтай судлал, Төвд судлал, Нэр томьёо судлал зэрэг
цувралуудыг тогтмол эрхлэн нийтэлж ирсэн нь өөрийн орны төдийгүй гадаадын
мэргэжил нэгт нөхдийн эрдэм шинжилгээний томоохон индэр болоод байна.
Хэл зохиолын хүрээлэн нь 1959 онд Олон улсын монголч
эрдэмтний анхдугаар их хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан ба Олон
улсын монгол судлалын холбоог тус хүрээлэнгийн боловсон хүчин, судалгааны ажлын
суурь дээр үндэслэн 1989 онд бие даалган байгуулсан, эдүгээ 10 дахь удаагаа
хуралдах гэж буй дээрх хурлын бүхий л үйл ажиллагаанд тогтмол оролцож байна.
Мөн тус хүрээлэнгийн бүтцээс 1989 онд Соёл урлагийн хүрээлэнг бие даалган
байгуулсан түүхтэй.
Хэл зохиолын хүрээлэн нь Монгол улс дахь хэл бичиг,
утга зохиолын судалгааг дагнан гүйцэтгэдэг байгууллагын хувьд шинжлэх ухааны
талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэхээс гадна
мэргэжлийн талаар шүүхийн маргаанд албан ёсны тайлбар өгдөг.
Эдүгээ Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн хамт
олон 50 хүний бүрэлдэхүүнтэй, "Хэл шинжлэлийн салбар", "Хэрэглээний
хэл шинжлэлийн салбар", "Утга зохиол судлалын салбар", "Аман зохиол судлалын
салбар", "Сурвалж бичиг, төвд судлалын салбар", "Харьцуулсан хэл шинжлэлийн салбар", "Монголын нууц товчоо судлалын төв", "Ц.Дамдинсүрэнгийн гэр музей", Эх хэл бичгийн сан хөмрөг, лаборатори" гэсэн 9 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, дотоод гадаадын мэргэжил нэгт
болон чиг үүрэг адил төст байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.
1959 онд Улаанбаатар хотноо Хэл зохиолын хүрээлэнгийн
санаачилга, идэвх, оролцоотойгоор зохион байгуулагдсан Олон улсын монголч
эрдэмтний анхдугаар их хурлыг угтаж Хэл зохиол судлал, Аман зохиол судлал,
Монгол судлал, Дурсгалт бичгийн чуулган гэсэн сэтгүүл болон эрдэм
шинжилгээний цувралыг эрхлэн гаргаж эхэлжээ. Мөн 1985 оноос Аман зохиолын
чуулган цуврал, 1998 оноос Нэр томьёо судлал сэтгүүл, 2011
оноос Төвд судлал сэтгүүлийг тус тус эрхлэн гаргаж байгаа бөгөөд 1989
онд Олон улсын монгол судлалын холбоо байгуулсантай холбогдуулан Хэл зохиолын
хүрээлэнгээс эрхлэн гаргаж байсан Монгол судлал сэтгүүлийг тус байгууллагын
тогтмол цуврал болгон шилжүүлжээ. Эдүгээ Хэл зохиолын хүрээлэн дараах
сэтгүүлүүд болон цувралыг тогтмол хэвлүүлж байна.
Хэл зохиол судлал [Studia Lingue et Literarum] ISSN 2308-510X
Аман зохиол судлал [Studia Folclorica] ISSN 2308-281X
Алтай судлал [Altaica] ISSN 2308-278X
Төвд судлал [Tibetian Studies] ISSN 2308-2828
Нэр томьёо судлал ISBN
Дурсгалт бичгийн чуулган ISBN
Аман зохиолын чуулган ISBN
Энэ хугацаанд Хэл зохиол судлал цувралын 38 дугаар, Аман зохиол судлал цувралын 34 дугаар, Алтай судлал сэтгүүлийн 10 дугаар, Нэр томьёо судлал сэтгүүлийн 16 дугаар тус тус хэвлүүлээд байна. Эдгээрийн зэрэгцээ монгол ардын аман зохиолын төрөл зүйлд зориулсан Монгол ардын аман зохиолын чуулган цувралын 41 боть, Алтай судлалын 13, Дурсгалт бичгийн чуулган цувралын 28 дугаар хэвлүүлжээ.
Эдгээр цуврал бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд
монгол хэлний түүхэн ба харьцуулсан судалгаа, монголын эрт ба эдүгээгийн уран
зохиол, аман зохиол судлал, төвд-монголын уран зохиолын харилцаа холбоо, нэр
томьёо болон хэлний хэрэглээний асуудлуудыг авч үзсэн дотоод, гадаадын
судлаачдын бүтээлийг хэвлэж, монголчуудын оюуны соёлын өвөөс дээжлэн
танилцуулдаг онцлогтой.
Хэл зохиолын хүрээлэнгийн эрхэм зорилго, үнэт зүйлс
АЛСЫН ХАРАА: Монгол хэл, утга соёл судлалын тэргүүлэх төв байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Үндэстний хэл бичиг, утга соёл судлалын уламжлал, шинэчлэлийг хослуулж, эрдэм
шинжилгээний өндөр түвшинд хүрсэн оюуны бүтээл туурвихыг зорьж ажиллана.
ҮНЭТ ЗҮЙЛС:
· Эрдмийн эрх чөлөө
· Уламжлалт дэг сургууль
· Судлаачийн ёс зүй
· Бүтээлч хамт олон
· Хүн болон оюуны өв
хөрөнгө
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
• Хэл бичгийн ухааныг хөгжүүлж, бүх нийтийн эх хэлний боловсролын чанарыг сайжруулах
бодлого баримтлах,
• Судалгааны үр дүн, онол-хэрэглээний хүртээмжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг
хангах зохистой тогтолцоог нэвтрүүлэх;
• Шинжлэх ухаан, нийтийн
эрх ашиг, нийгэмд нөлөөлөх үүргээ тэргүүн зэрэгт тавих;
• Онолын мэдлэг, судалгааны аргазүйг эзэмшсэн, бүтээлч сэтгэлгээтэй, хамтран ажиллах
чадвартай боловсон
хүчнээр бэхжүүлэх;
• Хамтын ажиллагааг
идэвхжүүлэн дэмжих;
Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын
үндсэн чиглэлүүд
ХЭЛ ШИНЖЛЭЛ:
- Монгол хэлний бүтэц
тогтолцоо, хэлзүйн судалгаа
- Монгол хэл, аялгууны
харьцуулсан болон тодорхойлсон авиазүй
-Монгол шинэ үсгийн дүрмийг
боловсронгуй болгох, зөв бичих журамласан толь зохиох
-Толь зүйн салбар
-Монгол бичиг, зохиолын дурсгалын зүйлийг цуглуулах, эрдэм шинжилгээний эргэлтэд
оруулах
-Төрөл хэлний судалгаа
-Нэр томьёо оноох, толилох,
жигдлэх асуудал
УТГА ЗОХИОЛ:
-Ардын аман зохиол судлал
-Монголын эртний уран зохиол
судлал
- Монголын орчин үеийн уран
зохиолын хөгжлийн асуудал
- Утга зохиолын онолын
сэтгэлгээ, харилцаа холбооны асуудлууд
- Монгол үндэстний утга зохиолын дурсгалыг цуглуулах, эрдэм шинжилгээний эргэлтэд
оруулах
-Төвд хэлт монголын уран зохиолын судалгаа
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн түүхэнд холбогдох он цагийн хэлхээс
1921.11.09 Ардын Засгийн
газрын хурлаар Нийслэл Хүрээнд Номын хүрээлэн байгуулахаар тогтов.
1921.11.19 С.Жамъян гүн, Д.Дашням гүн, Ч.Бат-Очир шадар нарын боловсруулсан Номын хүрээлэнгийн дүрмийг Ардын Засгийн газар батлав. Уг дүрэм ёсоор тус хүрээлэнг 8 хүний орон тоо, Дуун ухааны тасагтайгаар байгуулав.
1921.11.22 Судар бичгийн хүрээлэнгийн Эрхэлсэн сайд С.Жамъян, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн, гишүүн Ч.Бат-Очир нар хуралдаад 9 зүйл бүхий тогтоол гаргав.
1921.11.24 VIII Богд Жавзандамба Номын хүрээлэн байгуулах шийдвэрийг
батламжлав.
1921.12.01 Ардын Засгийн газраас Хүрээлэнгийн Эрхэлсэн сайдад олгох тамга үйлдэн ирүүлснийг хүлээн авчээ.
1922.05.11 Их шавь гүн Түвшинбаяраас урьд Жамбалдоржийн хошууны цэрэг сууж байсан модон байшинг Судар бичгийн хүрээлэнгийн байр болгохоор худалдан авч Засгийн газрын баруун залгаа хашаанд бариулахаар тогтжээ.
1922.06.12 Судар бичгийн хүрээлэн хуучин модон тамгаа сольж шинэ мөнгөн тамгатай
болжээ.
1924.01.04 Судар бичгийн
хүрээлэнг Дотоод яамны Сургуулийн хэлтэстэй нэгтгэн Гэгээрлийн яам
болгов.
1924.02.11 Судар бичгийн
хүрээлэнд Нэр томьёоны комисс байгуулав.
1924.02.23 Судар бичгийн
хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчооны гар бичмэл эхийг батлан гаргав.
1924.05.14 Оросын монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовыг Судар бичгийн хүрээлэнгийн хүндэт гишүүнээр сонгов.
1924.11.19 Улсын анхдугаар их хурлаас Судар бичгийн хүрээлэнг Гэгээрлийн яамнаас салган бие даасан байгууллага болгов. Дуун ухааны тасаг дээр нэмэн Түүхийн тасаг, Номын сан байгуулав.
1930.12.20 Улсын бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнг Хэлбичгийн кабинет, Утга зохиолын кабинет, Түүхийн кабинет, ХАА-н кабинет, Газарзүйн кабинет, Шашин түвд судлалын кабинет гэсэн бүтэц бүхий Шинжлэх ухааны хүрээлэн болгов.
1936.05.05 Дуун ухааны тасгийн эрхлэгч Б.Ринчен өөр ажилд шилжсэн тул Түүхийн тасгийн
эрхлэгч Д.Нацагдоржид түр хавсруулжээ.
1936 Дуун ухааны тасгийн эрхлэгчээр Ш.Лувсанвандан 27000 толгой үгтэй “Монгол
үсгийн
дүрмийн толь бичиг”-ийг С.Шагж хэвлүүлэв.
1937 Улс орныг нөмөрсөн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд хэл бичгийн олон эрдэмтэн
өртөв.
1945.01 Хэл бичгийн кабинетын эрхлэгчээр Хэвлэлийн тасгийн эрхлэгч Я.Цэвэлийг
хавсруулан ажиллуулахаар томилжээ.
1946.07.01 Хэл бичгийн кабинетын эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан шинэ үсгийг хэрэглэж эхлэв.
1951 Одоогийн Үндэсний номын сангийн байшин баригдахад Шинжлэх
ухааны хүрээлэн бүх тасаг, ажилчдынхаа хамт байрлан ажиллах болов.
1957.05.05 Шинжлэх
ухааны хүрээлэнг их, дээд сургуулиудтай нэгтгэн Шинжлэх ухаан, дээд боловсролын
хүрээлэн болгон зохион байгуулжээ.
1957.06.05 Хэл
бичиг, утга зохиол судлах газар байгуулав.
1959 Олон улсын монголч эрдэмтний анхдугаар их хуралд зориулж
“Монголын судлал”, “Хэл зохиол судлал”, “Аман зохиол судлал”, “Монгол
дурсгалт бичгийн чуулган” цувралыг гаргаж эхлэв.
1959 “Монгол
уран зохиолын дээж зуун билэг оршив” хэмээх түүврийг хэвлүүлэв.
1961.05.16 Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнг Шинжлэх Ухааны Академи болгон зохион
байгуулав.
1961.05.22 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ШУА-ийн дүрмийг баталж анхны 5 хүрээлэн байгуулсны нэг нь Хэл зохиолын хүрээлэн болов.
1961.05.22 ШУА-ийн анхны
жинхэнэ гишүүнээр Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ринчен нар сонгогдов. Хэл
зохиолын хүрээлэнгийн анхны захирлаар Ц.Дамдинсүрэн томилогдов.
1966 Тус
хүрээлэнд Туршилт авиа зүйн лаборатори байгуулагдав.
1966 ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн “монгол хэлний авиа зүй, үг зүй,
өгүүлбэр зүйг бүрэн хамарснаас гадна үсэг зүйн гол
зүйлүүдийг оруулсан монгол хэлний бүрэн зүйн анхны эх” Орчин цагийн монгол
хэл зүй бүтээл хэвлүүлжээ.
1966 Судар
бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасаг байгуулагдсан үед анхлан хийж
эхэлсэн Монгол хэлний товч тайлбар толь-ыг Я.Цэвэл гүйцээн дуусгаж,
Х.Лувсанбалдан редакторлан хэвлүүлэв.
1967.03 Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус
хүрээлэнгийн дэргэд Тод номын хөмрөг байгуулж эрхлэгчээр нь Х.Лувсанбалданг
томилжээ.
1970.09.08 Бүх
нийтийн бичиг үсэг үл мэдэх явдлыг халахад оруулсан хувь нэмрийг үнэлж
ЮНЕСКО-оос Хэл зохиолын хүрээлэнг Крупскаягийн нэрэмжит Алтан
медаль, дипломоор шагнажээ.
1970 Тус
хүрээлэнд Нэвтэрхий толийн сектор байгуулагдав.
1971 Хэл зохиолын хүрээлэн ШУА-ийн шинээр барьсан нэгдсэн I
байранд шилжин орж эдүгээ хүртэл байрлаж байна.
1975 Тус
хүрээлэнд Урлаг судлалын сектор байгуулагдав.
1979 Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн Монгол ард
улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас (Боть 1,
2) хэвлэгдэв.
1981 Төвд
судлалын секторыг сэргээн байгуулав.
1982 “Монгол аман зохиолын чуулган” цувралын анхны боть “Монгол ардын
баатарлаг тууль” нэрээр хэвлэгдэв.
1984 Ц.Дамдинсүрэн,
А.Лувсандэндэв нарын зохиосон Орос-Монгол толь хэвлэгдэв.
1988 МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын
зөвлөгөөн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хамтарсан шийдвэрээр
Ц.Дамдинсүрэнгийн гэр музей байгуулагдав.
1989.08.10 Урлаг
судлалын секторыг өргөтгөж Соёл урлагийн хүрээлэн байгуулав.
2001 Монгол-Орос
дэлгэрэнгүй Большой академический монгольско-русский словарь (4
боть)-ийг Оросын ШУА-ийн Хэлшинжлэлийн хүрээлэнтэй хамтран зохиож
хэвлүүлэв.
2001.12.24 Тус
хүрээлэнд Алтай судлалын төв байгуулагдав.
2004
Тус хүрээлэнд Монголын нууц товчоо судлалын
төв байгуулагдав.
2004.10.23 Тус
хүрээлэнд Хэрэглээний хэл шинжлэлийн сектор байгуулагдав.
2008 80.000 орчим толгой үгтэй Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар
толь (5 боть) зохиож хэвлүүлэв.
Монгол
уртын дууг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэв.
2009 Монгол
туулийг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэв.
2011.11.15 Тус
хүрээлэнд Аман зохиол судлалын сектор байгуулагдав.
2014 Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын
үндэс зөвлөл байгуулагдав.
Улсын нэр томьёоны комисс байгуулагдсаны 90 жилийн ой
тохиов.
2015.01.26 Монгол Улсын Засгийн газрын 27-р тогтоолд тус хүрээлэнг ШУА-ийн харьяанд
хэвээр
үлдээв.
УИХ-аар “Монгол хэлний тухай хууль” батлав.