Нийтлэсэн
Монгол Улсын оюун тархи болсон Шинжлэх Ухааны
Академийн ууган байгууллагын нэг Хэл зохиолын Хүрээлэнгийн хамт олон энэ онд өлзий
учрал бүрдсэн 100 жилийн ойгоо ард нийт, олон улсын эрдэмтэн судлаачдынхаа хамт
өргөн дэлгэр тэмдэглэж байна. Хэл бичгийн эрдэмтний хувиар өлзий учралт их ойн
жил энэхүү эрдмийн хамт олны нэг гишүүн болж хэл зохиолын хүрээлэнгээ улам улам
сайнаар урагшлуулан хөгжүүлэхийн төлөө оюун ухаанаа уралдуулан хамтран ажиллах
болсондоо ихэд бэлгэшээн хийж бүтээхийн их урам зориг төгс байна.
Монголын орчин үеийн шинжлэх ухааны байгууллагын гал
голомт болсон Судар бичгийн хүрээлэнгийн тулгын гурван чулууны нэг Дуун ухааны
тасгаас үүдэлтэй манай хүрээлэн улс эх орондоо төдийгүй хилийн чанадад монгол
судлаачдын дунд өндөр нэр хүндтэй, зузаан түүхтэй эрдэм оюуны их өргөө шинжлэх
ухааны ууган байгууллагуудын нэг яах аргагүй мөн. Манай хүрээлэнгийн эрдэм
судлалын ажлыг Монголын хэл, утга соёл, уран зохиолын нэртэй эрдэмтэд О.Жамъян,
Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, П.Хорлоо, А.Лувсандэндэв, Д.Ёндон, Х.Сампилдэндэв, Д.Төмөртогоо, Д.Болд, Г.Билгүүдэй нар манлайлан удирдаж ирлээ.
Эх хэл бичиг, утга соёл, уран зохиолын судлал бол
монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний баталгаа бөгөөд ард түмнээ бичиг
үсэгт сургахаас эхлээд хэл бичгийн судалгааг эрдэм шинжилгээний чиг хандлагаар
хөгжүүлэхэд насан туршийн амь амьдралаа зориулсан манай ахмад эрдэмтдийн олон
арван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн энэ хүрээлэнгийн өндөр нэр хүндийг
өргөн мандуулж яваа билээ.
Тэдний залуу хойч үеийнхэн эрдэм судлалыг нь
үргэлжлүүлэн шинжлэх ухааны судалгааг улам нарийн төгс болгож, гадаад дотоодын
эрдэмтэдтэй хамтран ажиллаж, хэл бичгийн ухааны шинэ шинэ салбар чиглэлийг бий
болгож, олон зуун ном бүтээлийг туурвиж, эрч хүчтэй ажилласаар байна.
Бид 100 жилийн ойгоо угтаж олон арван ажил
төлөвлөсөн бөгөөд хүрээлэнгийн ой гэдэг тэнд ажилладаг эрдэмтэн судлаачдынх нь
хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийн намтар, хамтын ололт амжилт, баяр бахархал
билээ. Бид зуун жилийн түүхэнд мянга хол давсан ном бүтээл хэвлүүлж, хийж
бүтээснээрээ олон улсад үнэлэгдэж, хүндлэгдэж ирлээ.
1963 онд Олон улсын
Алтай судлалын Алтан медалийг академич Б.Ринчен, 2015 онд Д.Цэрэнсодном нар
хүртэж, 2003 онд академич Х.Сампилдэндэв ОХУ-ын Петрийн академийн алтан медаль,
2020 онд академич Л.Болд Туркийн ШУА-ийн хүндэт гишүүнээр сонгогдлоо.
ШУА-ийн Хэл зохиолын
хүрээлэн Монгол Улсын хэл, утга зохиол, аман болон бичгийн соёл, соёлын биет
бус өвийн үндсэн суурь байгууллагын хувьд 100 жил
гэдэг ирээдүй залгамж, шинэ замын эхлэл билээ. Өдгөө тус хүрээлэнгийн
эрдэм шинжилгээний нийт ажилтны дундаж нас 36 бөгөөд 50 орчим хувийг залуучууд
эзэлж байна. Зөвхөн 2020 онд, хүрээлэнгийн залуу ажилтнууд гадаадад 20 шахам
өгүүлэл хэвлүүлснээс 5 нь өндөр зэрэглэлийн сэтгүүлд багтсан нь бахархам
сайхан.
Цаашид, улс орныхоо эх
хэл, утга соёлын чиглэлээрх хөгжлийн бодлогын тэргүүлэх, санаачлагч
байгууллагын хувьд БИД чанар, инновац, менежмент, эрдэм шинжилгээ, судалгааны гадаад
дотоод хамтын ажиллагааны чиглэлээр олсон амжилтаа улам бататган, та бүхэнтэй
хамтран ажиллах болно.
Манай хүрээлэнгийн цахим танилцуулгыг үзэж таалан болгооно уу.