Нийтлэсэн
Эдүгээ Хэл зохиолын
хүрээлэнгийн эрдмийн хамт олон 50 хүний бүрэлдэхүүнтэй, “Хэл
шинжлэлийн салбар”, “Хэрэглээний хэл шинжлэлийн салбар”, “Утга зохиол судлалын
салбар”, “Аман зохиол судлалын салбар”, “Сурвалж бичиг, төвд судлалын салбар”, “Харьцуулсан
хэл шинжлэлийн салбар”, “Монголын нууц товчоо судлалын төв”, “Ц.Дамдинсүрэнгийн
гэр музей”, “Эх хэл бичгийн сан хөмрөг, лаборатори” гэсэн 9 нэгжтэйгээр үйл
ажиллагаа явуулж, дотоод гадаадын мэргэжил нэгт болон чиг үүрэг адил төст
байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Салбаруудын дэлгэрэнгүй
танилцуулгыг орууллаа.
СУРВАЛЖ БИЧИГ, ТӨВД СУДЛАЛЫН САЛБАР
Төвд судлал бол Монгол судлалын нэг чухал хэсэг юм.
Иймд Оросын нэрт монгол судлаач эрдэмтэн Б.Я.Владимирцов “Монголын судлалыг,
ялангуяа төвдийн судлалаас салгасан нь их хохирол болсон юм” гэсэн нь
Төвд судлал нь Монгол судлалын нэг чухал хэсэг болохыг хэлсэн хэрэг юм.
Л.Н.Гумилев “Төвд хэл нь дундад зууны Монголын соёл утга зохиолын хөгжилтөд
Византын үеийн Европт латин хэлний гүйцэтгэсэн үүргийн нэгэн адил их хувь
нэмрийг оруулсан юм” гэж төвд монголын хоёрын соёлын харилцан шүтэлцээтэйг
хэлсэн байдаг. Монголчууд их бага арван ухааны мэдлэгийн арвин өв санг гурван
зуу гаруй жилийн турш төвд хэлээр туурвин бүтээсэн байна. Ийм учраас Монголын
эрдэмтэн лам зохиолчдын төвд хэлээр туурвисан бүтээсэн эх сурвалжууд нь Монгол
судлалд чухал байр суурьтай юм.
Иймээс 1921 онд Монгол улсад орчин цагийн Шинжлэх
ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн анх үүсэн байгуулагдахдаа дуун
ухааны, түүхийн, төвд судлалын гурван гол тасагтайгаар ажиллаж, төвд судлалын
тасгийг нь Зөвлөлтийн алдарт төвдөч эрдэмтэн М.И.Тубянский удирдан эрхэлж
байжээ. Судар бичгийн хүрээлэнд Зава Дамдин гавж, Гэлэгжамц дооромбо, Шагж
гэвш, Бишрэлт Гомбожав аграмба, Дарба бандида Агваанчойнжирдондов, зэрэг тухайн
цагийн буддын өндөр боловсролтой эрдэмтэд ажиллаж байв. Энэ нь Монголын төр
засаг, Шинжлэх ухаан нь уламжлалт дорно дахины арвин их мэдлэгийн өв санг тээж
ирсэн ТӨВД СУДЛАЛЫГ хөгжүүлэхэд бүр анхнаасаа анхаарч ирсний баримт юм.
Монголын шинжлэх ухаан энэ уламжлалаа ахин сэргээж,
1981 онд академич Ц.Дамдинсүрэнгийн санаачилга удирдлагаар Шинжлэх ухааны
академийн Хэл зохиолын хүрээлэнд ТӨВД СУДЛАЛЫН ТАСАГ байгуулсан юм. Энэ нь төвд
судар сурвалжаар Монголыг, Монголын түүх, соёл, утга зохиол, зан заншил, гүн
ухаан анагаах, одон зурхай гэх мэт олон ухааныг судлахад чиглэсэн.
Төвд судлалын тасгийг байгуулж байх тэр үед Монгол
улсад шашин, соёл, буддизм гэж ярьж болохгүй хориотой цаг үе байв. Иймд
академич Ц.Дамдинсүрэн “төвд хэлт утга зохиол” гэдэг нэрээр энэ судалгааг
эхлүүлсэн байдаг. Ер нь ч бурханы шашин нь гүн утга номлолоо айлдахдаа
уран зохиолын утгын болоод найруулгын олон аргыг хэрэглэж, адилтгаж зүйрлэж,
үлгэрлэж, урнаар дүрсэлж туурвиж, хүн төрөлхтөнд ухааруулж, оюун бодол нь
суулгаж шингээсэн байдаг. Иймд Бурханы шажинаар хөллөсөн соёлын их уламжлалын
тухайд Ц.Дамдинсүрэн “Ганга мөрний хөндийгөөс цаст Гималайн өндөр уулыг давж
Монголын тал руу урссан соёлын олон мянган алтан шижим байна” гэсэн байдаг.
Тэгэхлээр төвд хэлт уран зохиол гэх нэрээр бурханы шашны сургаал номыг судлан
шинжлэхэд түүнд хамааралтай гүн ухаан, түүх, хэл шинжлэх, учир зүй гээд олон
ухааны үүднээс үндэс, учир шалтгааныг нь таньж мэдэж, олон ухааны зааг уулзвар дээр
үзэх нь зайлшгүй юм. Энэ бол Да багшийн судалгааны арга ухаан юм.
1981 онд Төвд судлалын тасаг байгуулагдахад
Ц.Дамдинсүрэн эрхлэгчээр нь, эрдэм шинжилгээний ажилтнаар Р.Отгонбаатар,
Н.Дашзэвэг, Чулуунбат, Я.Цэрэндаваа, С.Баянцагаан, Т.Цэндсүрэн, Р.Бямбаа нар
ажиллаж эхэлжээ. Төвд сурвалжаар монголын түүх, соёл, утга зохиолыг судалж
ирсэн Ц.Дамдинсүрэнгийн судалгааны чиглэлийг үргэлжлүүлж, түүний шавь
Л.Хүрэлбаатар уг тасгийг 1986-2010 он хүртэл хорь гаруй жил удирдаж
монголчуудын төвд хэлт утга зохиолын судалгааг төрөл зүйлээр нь, зохиогчоор нь
нарийсган судалж ирэв. Энэ үед М.Саранцэцэг, В.Мягмарсүрэн, Д.Пүрэвжав,
Б.Няммягмар, П.Ням-Очир, Г.Ням-Очир, Б.Пүрэвдэлгэр, Г.Мөнхзаяа, Б.Лхагважав
зэрэг судлаачид урт богино хугацаагаар ажиллаж байв. Мөн энэ хугацаанд тасгийн
эрхлэгчийг 2002-2005 онд О.Сүхбаатар, 2010-2012 онд Р.Отгонбаатар нар хамаарч
байсан ба 2012-2021 онд Д.Сумъяа тасгийн эрхлэгчээр ажиллаж байв.
Ахмад эрдэмтдийн “Төвд хэлт утга зохиолын судалгаа”
нь монгол утга зохиол судлалын хил хязгаараас хальж, дорно дахин судлал,
эртний энэтхэг, төвдийн судлалын хүрээг ч давхар багтаасан байдаг. Энэ
чанараараа Ц.Дамдинсүрэн, Ч.Алтангэрэл, Д.Цэрэнсодном, Д.Ёндон, Л.Хүрэлбаатар
гээд манай ахмад эрдэмтдийн судалгааны бүтээл нь дэлхийн шинжлэх ухаанд өөрийн
хувь нэмрээ оруулж, байр сууриа нэгэнтээ эзэлсэн байдаг. Ц.Дамдинсүрэнгийн “Монголын
уран зохиолын тойм” (2-р боть) тэргүүтэй судалгааны бүтээл нь Энэтхэг, Төвд,
Монгол бурханы шашинт З орны утга соёлын харилцаа холбоог системтэй
судалсан бөгөөд цаашид дараа үеийнхээ төвд хэлт утга зохиол сурвалж судлалын
арга зүйн үндэс нь болж өгдөг юм. Мөн Ч.Алтангэрэлийн Монгол зохиолчдын төвдөөр
бичсэн утга зохиолын онолын тойм, Д.Цэрэнсодномын “Монголын бурханы шашны уран
зохиол(2 дэвтэр), Д.Ёндонгийн “Төвд Монголын уран зохиолын харилцаа холбооны
асуудалд”, “Төвд Монголын утга зохиол дахь үлгэрийн өгүүлэмж” харьцуулсан
судалгааны бүтээлүүд, Д.Хүрэлбаатарын “Энэтхэг, Төвд, Монголын сургаалын
зохиолын хэлхээ”, “Сонгодог уламжлал монгол яруу найраг”, “Монгол орчуулгын
товчоон”, “Огторгуйн цагаан гарди”, “Эсэруагийн эгшиг дуун”, “Анхдугаар богд”,
“Судар шастирын билиг”, “Дуун утгын яруу зохист”, “Аварга могойн зулайн
чандмань”, “Огторгуйн цагаан гарьд” зэрэг төвд судар сурвалжаар хийсэн монголын
утга соёлын судалгаа шинжилгээний дорвитой бүтээлүүд гарчээ. Тэдний судалгаа нь
шинэ цагийн төвд судлалын эхийг тавьсан төдийгүй хожмын үеийнхэнд судалгааны
шинэ өв санг цогцлоон үлдээсэн гавьяатай юм.
Багш
нарынхаа удирдлагаар тасгийн эрдэм шинжилгээний ажилтнууд тодорхой сэдвээр ном
бүтээл туурвих, илтгэл өгүүлэл бичих, эрдэм шинжилгээний эх хэрэглэгдэхүүн
цуглуулах зэргээр ажиллаж иржээ. Академич Ц.Дамдинсүрэнгийн удирдлагаар
“Гэсэрийн туужийн” сонгомол эх(1986), “Төв Азийн орнууд дахь дундад зууны
шинжлэх ухааны дурсгалуудын эх бичиг ба сурвалж судлал (1989) эмхэтгэл
(Л.Хүрэлбаатар, Р.Отгонбаатар, С.Баянцагаан, Р.Бямбаа, Т.Цэндсүрэн,
Я.Цэрэндаваа нарын өгүүлэл орос хэлээр) хэвлэгдсэн ба Монголчуудын бар
хэвлэлийн судалгааны хүрээнд Р.Отгонбаатарын “Монгол модон барын эх
гарчиг”/1998/, Р.Отгонбаатар, А.Д.Цендина. “Монгол үсэг бичгийн
дээж” (2014) “Ц.Дамдинсүрэнгийн ном
судрын цуглуулгын тухай” (2018), Буддын утга зохиолын судалгааны хүрээнд
Д.Сумьяагийн “Дара эхийн магтаалын нээх утга”(2002), “Монгол Ногоон Дара эхийн
тууж” (2012), “Гэтэлгэгч Хорин нэгэн Дара эх” (2019), “Дара эхийн анх гарсан
түүх домог, тус эрдмийн үлгэр” (2020), “Буддын утга зохиолын төрөл зүйлийн
судалгаа” (2020), “Дара эхийн номын аймаг” гурван боть бүтээл (2021),
В.Мягмарсүрэнгийн “Бодь мөрийн зэргийн хөтөлбөр тунгаамал алт”/1994/,
Агваандандарын “Нэр утгыг тодотгогч сарны гэгээн гэрэл” /1991/, Мялын дууллын
судалгааны хүрээнд Б.Няммягмарын “Гэтэлгэгч Мяларайвын тууж дэлгэрэнгүй
ялгасан бум дуулал хэмээгдэх оршив” (2011), “Мяларайвын саран мэт шавь Райчүн
Дорждагвын намтар дуулал” (2012) зэрэг бүтээлүүд, Заяын санъяигийг судалгааны
хүрээнд П.Ням-Очирын удиртгал бичиж, тайлбар сэлт хийж, шинэ үсэгт хөрвүүлсэн
“Тодорхойн толь” (2012), “Гийгүүлэгч толь” (2013) гэх (Зая бандид
Лувсанпэрэнлэй. Шакъягийн тойн сайн оюутын үйлсийн гүн нарийн хийгээд агуу
ихийн дээдсийн номын олсон үзэг тодорхойн толиос анх дэвтэр боть оршив.
Орчуулагч Вро рабжамба Гунгаажамц) ном, Ж.Ерөөлтийн төвд монгол эхийг харгуулж
хэвлэлд бэлтгэсэн Цэвэлванчигдоржийн “Тамын зурагт ном”, Дандины зохист
аялгууны толийн судалгааны “Дандины Зохист аялгууны толийн гол нэр утгын
тайлбар”(хамтын бүтээл) зэрэг судалгааны олон ном бүтээл, мөн Хэл зохиолын
хүрээлэн, академич Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй төвөд, монгол
номын бүртгэлүүд, “Хэл зохиолын хүрээлэнгийн монгол бичмэл дармал номын
бүртгэл”, “Хэл зохиолын хүрээлэнгийн төвд номын бүртгэл” хийжээ.
Мөн
2012 оноос эхлэн “Төвд судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн жил бүр
гаргаж байна.
Төвд
судлал нь өнөөдөр Монголын шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааны анхааралд
байдаг чухал салбарын нэг юм. Үүний нэг жишээ бол ШУА-аас хамтран зохион
байгуулж 2013 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан Олон улсын төвд судлалын
ХIII хурал
болно. Дэлхийн төвд судлаачдын энэ хуралд гадаадын 40 гаруй орны 500 гаруй
эрдэмтэн төлөөлөгчид оролцож, 46 салбараар 600 гаруй илтгэл хэлэлцжээ. Хуралд
ирсэн гадаадын эрдэмтэд Монгол улс нь төвд хэлээр арвин их өв сан хөмрөг
хадгалж буйг, төвдийн судлал нь Монголд аль эрт XVI зуун, түүнээс ч өмнө
XIV зуунаас эхэлсэн, судалгааны арвин өв сантай болохыг бодит байдлаар үзэж
харав. Энэ хурал нь Монгол судлал, монгол судлаачдыг өргөжүүлж өгсөн бас нэг ач
холбогдолтой болов.
2021 оны 7 сарай Төвд судлалын тасгийг өргөтгөж, Сурвалж бичиг, төвд судлалын тасаг хэмээн нэрлэсэн бөгөөд эдүгээ тус тасагт эрхлэгчээр доктор Д.Наранцэцэг, эрдэм шинжилгээний үндсэн ажилтан доктор Д.Сумъяа, Г.Баяртуяа, докторант Х.Бираасүрэн, Д.Мөнх-Отгон, Д.Буянбаатар, эрдэм шинжилгээний гэрээт ажилтан Р. Отгонбаатар нар ажиллаж байна.
УТГА ЗОХИОЛ СУДЛАЛЫН САЛБАР
Судар бичгийн хүрээлэнгийн
эрдэмтэн багш нарын эрдэм судлалын тэргүүлэх чиглэлийн нэг нь Монголын уран
зохиолын ховор нандин бүтээлүүдийг сурвалжлан олох, судлан шинжлэх, хэвлэн
нийтлэх ажил байсан билээ. Энэ нь орчин цагийн шинжлэх ухааны байгууллагад утга
зохиолыг дагнан судлах бие даасан нэгж байгуулагдах анхны үүсгэл, тулгын чулууг
тавьсан хэрэг байсан юм.
ХХ зууны тэргүүн хагаст бүх
нийтийн утга зохиолын боловсрол үлэмж дээшилж, зөвхөн ардын аман урлаг, хуучин
уран зохиолын хөрсөн дээр орчин үеийн бичгийн уран зохиолын төрлүүд жигд хөгжих
болсон билээ.
Өнгөрсөн хугацаанд Хэл
зохиолын хүрээлэнгийн бүтэц бүрэлдэхүүн өргөжин тэлж, Утга зохиолын секторын
судалгааны цар хүрээ, агуулга баяжиж, арга зүй нь нарийсаж, уран зохиол
судлалын орчин үеийн төвшинд судалсан аман зохиол, хуучин уран зохиол, орчин
үеийн уран зохиол, утга зохиолын онол, түүх, шүүмж судлалын олон бүтээл гарсан
билээ.
Тэдгээрийн дотроос “Монголын
уран зохиолын дээж зуун билиг оршвой” (1959), “Монголын уран зохиолын тойм”
/XIII-XIV зууны үе/ - I боть (1957), “Монголын уран зохиолын тойм” /XV-XVIII
зууны үе/ - II боть (1977), “Монголын уран зохиолын тойм” /XIX зууны үе/ - III
боть (1968), “Монгол ардын аман зохиолын дээж бичиг” (1968), (1978), “Монголын
орчин үеийн уран зохиолын товч түүх” (1968), “Монгол орчин үеийн уран зохиолын
түүх” I боть (1985), “Монгол орчин үеийн уран зохиолын түүх” II боть (1989),
“Монгол орчин үеийн уран зохиолын түүх” III боть (1997), “Монголын уран
зохиолын лавлах толь” (2001), “Монголын уран зохиолын тайлбар толь” (2011),
“Монголын орчин үеийн уран зохиолын түүх” IV боть (2014), “ХХ зууны монгол
зохиолчид” цуврал зэрэг бүтээлийг дурдаж болно.
Эдүгээ тус секторын эрдэмтэд
өрнө болон дорнын утга зохиол, туурвил зүйн онолын сэтгэлгээний дэвшилтэт
нөлөөлөл, олон улсын монгол судлалын ололт, Монгол утга зохиолын шилдэг өв уламжлалд
тулгуурлан “Аман болон бичгийн уран зохиолын тусагдахууны хувьсал ба уран
сайхны үнэлэмжийн судалгаа” гэсэн тэргүүлэх чиглэлийг баримтлан утга зохиолын
бүтэц тогтолцоог гүнзгийрүүлэн судлах, харьцуулан судлах, бүх нийтийн уран
зохиолын мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгт голлон анхаарч ажиллаж байна.
Тус утга зохиолын секторын эрхлэгчээр доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй ажиллаж байгаа бол эрдэм шинжилгээний ажилтнаар доктор (Ph.D) Б.Мөнхбаяр, доктор (Ph.D) Д.Болормаа, доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндорж, докторант Ж.Ууганбаатар, Б.Баярмаа, Б.Мөнх-Эрдэнэ, бакалавр Э.Бямбадолгор нар ажиллаж байна.