Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан доктор Т.Пүрэвсүрэн, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш доктор Р.Сарангэрэл нарын бүтээсэн хоёр боть “С.Эрдэнийн зохиолын хэлний толь бичиг” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Ардын багш, профессор Ц.Өнөрбаян, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, НХС-ийн захирал Ж.Батбаатар болон Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан, багш нар оролцлоо.
Эл толь бичигт Ардын уран зохиолч, төрийн шагналт С.Эрдэнийн 4 роман, 21 тууж, 156 өгүүллэг, 28 шүлэг, 43 нийтлэл, 35 найрууллын үг хэллэгийн сан хөмрөг багтсан бөгөөд статистикийг нь авч үзвэл давхардсан тоогоор 1.053.526 үг байгаагаас давтамжийг нь хасвал 82962 хэлбэржсэн үг байна. Үгийн үндсээр нь авч үзвэл 13303 ерийн нэр, 2428 оноосон нэр, 852 харь үг, 57 товчилсон үг байгаа аж. Эндээс С.Эрдэнэ зохиол бүтээлээ 16.641 үгийн хүрээнд бичсэн гэсэн дүгнэлт хийж болж байна гэнэ.
Энэ нь нэг талаас ардын уран зохиолчийн үгийн сан нөгөө талаас монгол хэлний идэвхтэй хэрэглээний үг хэллэгийн байдлыг харуулж байгаа ажээ. Уг тольд зөвхөн үгийн сангийн бие даасан утгатай дан үгийг авч тайлбарлан, уг зохиолын эх сурвалжийг тавьжээ. Мөн толгойн үгийн хэлзүйн хувиллын давтамжийг тооцон үзүүлсэн байна. Энэ толь бичгээс “С.Эрдэнийн эх хэлний хэрэглээний цар хүрээ, сэтгэлгээ, мэдрэмж, ур чадвар, үзэл бодол, танин мэдэхүйн ойлголт ухаарал зэргийг илэрхийлсэн үгийн сантай танилцахаас гадна монголчуудын соёл сэтгэлгээ, амьдралын хэвшил, нийгэм цаг үеийн өөрчлөлт шинэчлэл, түүхэн нөхцөл байдал зэргийг ухаарч ойлгох боломжтой юм” гэж ардын багш, профессор Ц.Өнөрбаян номын оршилд бичжээ.
Энэ бүтээл нь Монгол хэл шинжлэл түүний дотроос Үгийн сангийн толь зүйн хувьд зохиолын хэл хэмээх төрөлд шинээр төрж байгаа толь бичиг болж цаашид монголын зохиолчдын хэлний толь бичиг хийх жишиг болж, Шинжлэх Ухааны академийн эрдэмтэд ижил төрлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны боломж, үр дүнг харуулж, залуу эрдэмтэд шинжлэх ухаан технологийн боломжийг ашиглан цаашид цахим хэл шинжлэлийн чиглэлээр өргөн хүрээнд томоохон бүтээлүүд хийх эх суурийг тавьсан сайн бүтээл төрлөө гэж эрдэмтэн судлаач нар дүгнэж байна.