ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

Профессор Ч. Хишигтогтох (1940-2022) 

           Их эрдэмтэн, монголын эртний утга зохиол, сурвалж бичиг судлаач, Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонт, академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналт, бид бүгдийн номын садан, Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн профессор Чойрүвийн Хишигтогтох 2022 оны 2 сарын 24-нд 82 насандаа таалал төгслөө.

         Профессор Чойрүвийн Хишигтогтох 1940 оны 12 сарын 4-нд ӨМӨЗО-ы Хишигтэн хошууны Баянзүрх овооны баруун хормойд малчин Чойрүвийн гуравдугаар хүү болон мэндэлжээ.

       Ч.Хишигтогтох 1961-1966 онд Төвийн үндэстний их сургуулийн Цөөн тоот үндэстний хэл утга зохиолын салбарын монгол хэл, утга зохиолын ангид суралцаж төгсөөд, 1967-2010 онд гавьяаны амралтаа авах хүртлээ Төвийн үндэстний их сургуульдаа 44 жил багшилж, монголын эртний утга зохиол, монгол сурвалж бичиг, монголын түүхийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж, 22 магистрант, 16 докторантын ажлыг удирдан хамгаалуулжээ.

       Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Олон улсын монгол судлалын холбооны урилгаар дэлхийн монголч эрдэмтдийн 7, 8, 9, 10, 11-р их хуралд илтгэл хэлэлцүүлж, монгол сурвалж бичиг судлалын хичээлийн хөтөлбөрийг их дээд сургуулийн сургалтад анхлан санаачлан оруулж, мэргэжлийн ангид энэ чиглэлээр оюутан элсүүлж сургадаг болсон нь монголын судлалд оруулсан үнэт хөрөнгө оруулалт болсон юм.

         Профессор Ч.Хишигтогтох “Эртний монгол шүлгийн түүвэр” (1985), “Монголын эртний утга зохиолын судлал” (1988), “Монголын эртний утга зохиолын шинэ судлал” (1998), “Монгол сурвалж бичгийн судлал” (2003),  “Ч.Хишигтогтохын өгүүллийн сонгодог” 3 боть (2013), “Монгол үсэг, монгол бичиг” (2019) зэрэг судалгаа шинжилгээний ном, “Монгол уран зохиолын түүх” (1984), “Дундад улсын эл үндэстний шашин ба домгийн толь” (1990), “Монгол сурвалж бичгийн чуулган”  30 ботийн ерөнхий найруулагч (2016), “Чакравардийн Алтан хааны туужийн орчуулгын тайлбар” (1998), “Монголын эртний дуу судлал” (2017) зэрэг хамтын бүтээл хэвлүүлсний зэрэгцээ эрдэм шинжилгээний 80 гаруй өгүүллийг монгол, хятад хэлээр бичиж нийтлүүлсэн нь Япон, Орос, Англи, Монгол улсад орчуулагдан гарчээ.

      Түүний монгол судлалд оруулсан их хувь нэмрийг үнэлж, 2006 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2013 онд Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал” хүртээв. Ч.Хишигтогтох профессор монгол судлалыг хөгжүүлэх үйлсийн төлөөнөө их эрдэмтний нэрэмжит шагналын мөнгөө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд нэмэр хандив болгон өргөснөөр хүрээлэнгийн “Эрдмийн өв” цувралын хоёр дугаарыг хэвлүүлсэн бөгөөд энэ цувралаар олон улсын бахархал болсон шилдэг эрдэмтэн судлаачдын оюун санааны охь бүтээлүүд тасралтгүй гарсаар байна.

       Профессор Чойрүвийн Хишигтогтох насан турхруу монголын судлал, монгол сурвалж бичиг, буддын утга зохиол, монголын эртний уран зохиолын судлалд сэтгэл зүрхээ зориулсан, Монголоо гэх их сэтгэл, их ухаанаар олон шавь нараа чиглүүлж сургасан, өвлүүлж үлдээсэн их эрдэмтэн байлаа.

      Таны үүтгэн дэлгэрүүлсэн судалгааны чиглэл, зүтгэн судалсан бүтээл туурвил тань дэлхийн монгол судлаачдын зүрх, тархинд өнө мөнхөд хадгалагдан, өргөжин хөгжсөөр байх нь дамжиггүй юм.

 ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захиргаа, хамт олон

  Буян үйлдэгч хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн барс сарын 25.


Бусад мэдээлэл