“Монголын утга соёл, зан заншлын зуны сургалт” боллоо.
“Монголын утга соёл, зан заншлын зуны сургалт” боллоо.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын төв, БНХАУ-ын Баруун хойд Үндэстний их сургуулийн Монгол хэл, соёлын сургуультай хамтран “Монголын утга соёл, зан заншлын зуны сургалт”-ыг 2019.07.22-2019.08.04-нд зохион байгууллаа. Сургалтад АНУ, Испани, Польш, ОХУ, БНХАУ, ӨМӨЗО зэрэг таван орны 20 гаруй эрдэмтэн судлаач оролцов. Зуны сугалтад Ардын багш, доктор С.Дулам,  Ц.Өнөрбаян, доктор С.Байгалсайхан тэргүүтэй монгол судлалын тэргүүлэх эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж лекц уншин залуу судлаачдад судалгааныхаа арга барилаас хуваалцсан юм. Түүнчлэн Төрийн хан хуурч, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж монгол ардын ерөөл, магтаал аялгуут урлагийн талаар,  Сүбээдэй нум харвааны холбооны тэргүүн, спортын мастер Н.Дагвадорж монгол харвааны талаар хичээл заасан юм. Сургалтын хүрээнд “Монголын утга соёл, зан заншил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019.07.26-нд ШУА-ийн  нэгдсэн I байранд зохион байгуулав. Мөн гадаадын монголч эрдэмтдийн зуны сургалтад оролцогчид Гандан тэгчинлэн хийд, Богд хааны ордон Чойжин Ламын Сүм Музей, Богд хааны ордон музей, Монголын Үндэсний Музей, академич Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд зочлон музейн сан хөмрөг судалгааны байдалтай танилцсан юм. Түүнчлэн сургалтынхан Хэнтий аймаг, Хар зүрхний хөх нуур, Төв аймгийн Баян, Эрдэнэ, Сэргэлэн зэрэг суманд очиж монгол ахуй, мал аж ахуйтай танилцлаа. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ суманд зуны сургалтынхан эрийн гурван наадам зохион байгуулж, түрүүлсэн бөх, морины цолыг улсын цоллооч, уяач Э.Хүрэлбаатар цоллосон юм. Мөн Төв аймгийн Баян сумын малчин Жамц гуайн гэрт зочилж ямаа сааж цагаан идээ боловсруулах аргатай танилцаж суралцав. Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд С.Алтанбаярынд айргийн баяр хийж, С.Алтанбаяр судлаачдад уртын дуу заасан юм.


Бусад мэдээлэл