“ЭРДМИЙН ХИШИГ – ЭРДЭМТНИЙ ЗӨВЛӨГӨӨ” семинарын №19 болов.
“ЭРДМИЙН ХИШИГ – ЭРДЭМТНИЙ ЗӨВЛӨГӨӨ” семинарын №19 болов.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан, залуу судлаачдын ахисан түвшний тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Эрдмийн хишиг – Эрдэмтний зөвлөгөө” лекц, ярилцлагын арван ес дэх дугаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны лхагва гаргийн 14:30-16:00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 202 тоот танхимд боллоо.
Энэ удаагийн дугаарт Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Энхтайвангийн БАЯРЧИМЭГ уригдаж, “МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУНЫ СУДАЛГААНЫ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр лекц ярилцлага хийлээ.

Лекц ярилцлагыг Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), дэд профессор Эрдэнийн ПҮРЭВЖАВ нээж, үг хэлэв.
Доктор Э.Баярчимэг 2003-2007 онд МУИС-ийн МХСС-ийн “Эх бичиг судлал”-ын ангид суралцаж, эх бичиг судлаач-манжич мэргэжлээр төгссөн. 2007 онд доктор М.Баярсайханы удирдлагад “Манжийн Тайзу хааны сургаал зарлигт хийсэн ажиглалт” сэдвээр бакалавр, 2009 онд доктор С.Галсангийн удирдлагаар “Оюутан залуучуудын этгээд үг хэллэгийн судалгаа” сэдвээр магистр, 2014 онд ӨМИС-ийн доктор, профессор Б.Баярмэндийн удирдлагаар “Буриад хэл, аялгууны авианы дуун ухааны задлалт” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэргээ хамгаалсан бөгөөд 2014 оноос Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд хамтарсан ном бүтээл 3, хэл шинжлэл нутгийн аялгууны чиглэлээр 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлжээ.
Лекцийн товч агуулга
Нэгдүгээрт, Одоо үеийн авиа зүй буюу туршилт авиа зүй гэж юу вэ?, Туршилт авиа зүйд өргөн ашигладаг эмнэлгийн, физикийн багаж хэрэгсэл хийгээд хиймэл тагнай, электрон тагнай болон тэдгээрийг хэрхэн ашигладаг тухай, орчин үеийн шинэ шинэ арга ухааны талаар,
Хоёрдугаарт, Туршилт авиа зүйн хөгжлийг 1. ХХ зууны эхнээс 1930 он хүртэл, 2. 1930-1940-өөд он, 3. 1940-1960-аад он, 4. 1970-1980-аад он, 5. 1980-аад оноос хойш хэмээн хуваасан үе шатуудын талаар,
Гуравдугаарт, Туршилт авиа зүйд авиаг 1. Махбод эрхтнээр дамжуулж судлахыг Өгүүлүүр авиа зүй (articulatory phonetics), 2. Агаарт дамжих долгионыг судалдаг ухааныг Дуун ухааны авиа зүй (Acoustic phonetics), 3. Чихээр дамжиж тухайн сонсогчийн их тархи хэл яриаг хэрхэн ойлгож байгааг судлах ухааныг Сонсол авиа зүй (Auditory phonetics) гэдэг ба тэдгээр ухаанууд хэлний авиаг хэрхэн судалдаг тухай, монгол хэлний нутгийн аялгууг дээрх арга ухааныг ашиглан хэрхэн судалж болох талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Үүнд:
- Хэлний авиаг өгүүлэхэд өгүүлэхийн идэвхтэй, идэвхгүй эрхтнүүд хэрхэн оролцох, эгшиг гийгүүлэгч авианы бүтэх байр, бүтэх арга зэргийг тусгай бэлтгэсэн арга (Тагнайн зураг авах уламжлалт арга, рентген зургийн арга гэх мэт) болон тусгай багаж (электрон тагнай болон бусад) ашиглан туршин судалдаг байна.
- Дууны ухааны авиа зүй нь хэл ярианы гинжин хэлхээний явц дахь агаарт тархсан долгионыг судалдаг ухаан болно. Энэ ухаан нь тоон үзүүлэлт дээр анализ дүгнэлт хийдэг, хэл шинжлэлийн онолоос гадна байгалийн бусад шинжлэх ухаантай холбогддог учраас ерөнхийлсөн чанартай шинжлэх ухаан ч гэж нэрлэх нь бий. Дуун ухааны авиа зүйн онцлог гэвэл: хөдлөнгө авиаг зогсонги болгон зураг дээр буулган хувируулж тоон хэмжигдэл авч анализ хийнэ. Мөн зураг дээрээс эгшиг гийгүүлэгч авианы онцлог ялгааг таньж болно. Дууны ухааны авиа зүйд эгшиг авианы өнгийг түүний формант хэмжигдэхүүн хийгээд дууны долгионы хэв маягт үндэслэн тогтоодог. Чихээр сонсож магадалж чадахгүй авианы аль олон үзэгдлийг зураг дээр таних, бүртгэн хэмжиж судалдаг ухаан ч гэж хэлж болно.
- Агаараар дамжиж ирсэн авиа нь чихэнд хүрч, цааш их тархинд сэдэлт өгөхөд тэр сэдэлтийг их тархи хүлээн авч хэлний авианы хувьд мэдэрч ойлгох бүх явцыг судлах ухаан юм. Өөрөөр хэлбэл, авианы хэлээр дамжиж ирсэн мэдээг их тархи хэрхэн тайлж мэддэгийг судалдаг ухаан болно. Судлах арга: 1. Сонсгох туршилт, 2. Тархины долгионы туршилт (ERP, event, related, potential) болно.
Дөрөвдүгээрт, IPA (International Phonetic Alphabet) хэмээх хүн төрөлхтний бүхий л ярианы хэлний авиаг нарийн тодорхой галиглан тэмдэглэх зорилгоор зохиосон нэгэн зүйлийн цагаан толгойн систем, олон улсын галиг, галигийн тайлбар, хэрэглээний тухай, монгол хэл шинжлэлд нэвтрүүлэн хэрэглэхийн ач холбогдол, монгол хэлний нутгийн аялгуунд тохируулан хэрхэн хэрэглэх тухай жишээгээр тайлбарлав.
Тавдугаарт, туршилт хийхдээ интернэтээс татаж, үнэ төлбөргүй ашиглах боломжтой www.cool-edit-pro.soft32.com, www.praat.en.uptodown.com/windows гэсэн программууд, тэдгээрийн хүчин чадал, хэрхэн ашигладаг тухай, түүн дээр туршсан үр дүнгүүдийн харьцууллын талаар,
Зургаадугаарт, Хэл зохиолын хүрээлэнгийн дэргэд 1960-аад оны үед байгуулсан туршилт авиа зүйн лаборатори нь өнгөрсөн хугацаанд хэлний авиаг физиологийн талаас судалдаг палатограмм, рентген аппарат, механик кимограф зэрэг багажийг ашиглаж монгол хэлний зарим нутгийн аялгууг судалсан бөгөөд Улаанбаатар хотод байгуулсан хэлгүй, дүлий хүүхдийн сургуулийн багш, сурагчдад зориулан монгол хэлний авианы зөв дуудлагын артикуляцийг тогтоосон тухай хийгээд цаашид акустикийн талын судалгааг өргөжүүлэх болон сүүлийн үеийн бусад шинжлэх ухааны шинэ шинэ арга ухааныг ашиглан монгол хэлний нутгийн аялгууг судлах хэрэгтэй талаар тогтолцоот ойлголтуудыг өгөв.


Лекц ярилцлагын дараа оролцогчид эл сэдвээр олон асуулт асууж, хариулт авлаа. Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц уншсан доктор Э.Баярчимэг танд эрүүл энх, эрдэм судлалын их амжилт хүсэн ерөөе.

Мэдээ бичсэн: Т. Батбямба 


Бусад мэдээлэл