ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж буй “Эрдмийн хишиг” ахисан түвшний залуу судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Эрдмийн хишиг – Эрдэмтний зөвлөгөө” лекц, ярилцлагын ээлжит дугаар 2022 оны 4 дүгээр сарын 20-ны лхагва гаргийн 14:30-16:00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн Нэгдсэн I байрны 206 тоот танхимд боллоо.
Энэ удаагийн дугаарт Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Чулууны ЗАЯАСҮРЭН уригдаж, “ХҮҮХДИЙН АМАН ЗОХИОЛЫН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА” сэдвээр лекц уншлаа.
Лекц ярилцлагыг Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, соёл судлалын ухааны доктор (Ph.D) А.Алимаа нээж, үг хэлэв.
Лекц ярилцлагад МУБИС-ийн Багшийн сургуулийн 4 дүгээр курсын оюутнууд болон уг төрлийг сонирхогч хүмүүс ирж оролцов.
Доктор (Ph.D) Ч.Заяасүрэн 1998-2002 онд МУБИС-ийн МСС-д Утга зохиол-түүхийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. 2004 онд магистр, 2014 онд Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Хөвсгөлийн удирдлагаар “Монгол сацал, мялаалгын үгс, түүний бүтэц, уран сайхны онцлог” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2011 оноос хойш ажиллах хугацаандаа ганц сэдэвт бүтээл 1, хамтарсан ном, бүтээл 3, толь бичиг 1, аман зохиолын бага төрөл зүйлийн чиглэлээр 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлжээ.
Уг лекцэд,
Хүүхдийн аман зохиол гэдэг нь тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хэл яриаг хөгжүүлэх, оюун ухааныг тэлэх, бие бялдрыг хөгжүүлэх, ардын цэцэн цэлмэг ухаан, ёс заншил, нүүдэлчин малчдын амьдралын олон талт арга ухааныг таниулж, мэдүүлэх зорилготой зохиогдсон үг хэллэгүүд болох тухай ярив.
Хүүхдийн аман зохиолыг бичиж цуглуулах, эмхэтгэн хэвлүүлэх, судлах ажилд гадна, дотнын эрдэмтэн судлаачид багагүй ажлыг хийсэн байдаг. Тухайлбал, П.Хорлоо, Х.Сампилдэндэв, Д.Цэрэнсодном, Ш.Гаадамба, Г.Сүхбаатар, Б.Содном, Д.Оюунбадрах, Г.Ловор, Г.Эрдэнэ-Очир, Д.Батттогтох, Г.Нандинбилиг, ОХУ-ын эрдэмтэн Е.К.Шаракшинова, И.В.Кульганек, Халимагийн судлаач Т.Г.Басангова, ӨМӨЗО-ы судлаач Ш.Буянтогтох нарыг нэрлэж болно. Эдгээр эрдэмтэн судлаачдын ном бүтээлээс нэрлэвэл, Г.Ловорын “Аман наадгай, хүүхдийн аман зохиолын дээжис” (2007), академич Х.Сампилдэндэв “Хүүхдийн аман зохиолын учир”, профессор Д.Оюунбадрах “Монголын хүүхдийн уран зохиол” (2007) I, II, III хэмээх судалгааны томоохон цуврал зэрэг бөгөөд өнөөдөр эдгээр бүтээл нь энэ чиглэлийн судалгаанд гол баримжаа болсоор байгааг хэлэв. Ингээд Г.Ловор, Д.Оюунбадрах, Г.Нандинбилиг нарын эрдэмтэн судлаачид хүүхдийн аман зохиолыг хэрхэн ангилсан тухайг танилцуулж, хүүхдийн аман зохиолыг монголчууд амьдрал ахуй, хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрхэн хэрэглэж ирсэн тухайг жишээ баримтаар тодруулж, дэлгэрэнгүй ярилаа.
Мөн хүүхдийн аман зохиол өнөөдөр хэрэглээнд байгаа эсэхэд өөрийн хийсэн судалгаагаа танилцуулав. Тэрбээр, өнөө цагт хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд аман зохиолын төрлийг сургуулийн өмнөх бэлтгэл (4 нас), ахлах (5 нас) бүлгийн сургалтын хөтөлбөр болон ерөнхий боловсролын сургуулийн 1, 2 дугаар ангийн сурах бичигт хэрхэн суусныг тодруулахын тулд 2005-2019 онд хэвлэгдсэн “Монгол хэл” номын агуулгад ажиглалт хийжээ.
Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн агуулгад “бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн “хөдөлгөөн, эрүүл мэнд”, “хэл яриа”, “байгаль нийгмийн орчин” (СӨБСХЗ, 2019:7) гэх зэрэг суралцахуйн чиглэл бүрээр төлөвшүүлнэ гэжээ. Энэ агуулгынхаа хүрээнд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт аман зохиолын бага төрлөөс оруулахыг ерөнхийд нь заасан байдаг боловч тэрийг оруулна гэж тодорхой зааж, хэдэн цаг орохыг нарийн тусгаж өгөөгүй байгааг хэлэв.
Иймд тухайн цэцэрлэгүүдийн багш сурган хүмүүжүүлэгчид 4, 5 насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан аман зохиолын дээрх бага төрлөөс хэрхэн юу юуг оруулахаа өөрсдөө мэдээд хичээлийн хөтөлбөрөө боловсруулдаг ажээ. Нийслэлийн 5 цэцэрлэгийн хөтөлбөрт анализ хийснээ дурдаад Баянзүрх дүүргийн 172-р цэцэрлэгийн бэлтгэл, ахлах бүлэгт заагддаг хичээлийн хөтөлбөрийн жишээн дээр ярьж танилцуулав. Уг хөтөлбөрт, бүтэн жилийн хугацаанд хэл зүгшрүүлэх үг-11, түргэн хэллэг-9, амьсгал уртасгах үг-1, зугаа үг-1 орж, харин жороо үгийг огт оруулаагүй байна. Аман зохиолын бусад төрлөөс оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, домог үлгэрийг боломжийн хэмжээнд сургалтын хөтөлбөрт суулгаж өгчээ.
Мөн цэцэрлэгийн ахлах бүлгийн хичээлийн хөтөлбөрт ажиглалт хийхэд аман зохиолын дээрх бага төрлүүдээс бараг оруулаагүй, харин үлгэрийг нэлээд оруулжээ. Ингэхдээ гаднын орны үлгэрийг цөөнгүй оруулж өгсөн явдал нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохироогүй байгаа нь харагдлаа. Зүй нь монгол сэтгэлгээтэй, эх хэлээрээ зөв ярьдаг хүүхэд төлөвшүүлэхийн тулд өөрийн үндэсний онцлогийг хадгалсан аман зохиолын төрлүүдийг түлхүү оруулж өгөх хэрэгтэй байгааг онцлон хэллээ.
1-р ангийн “Монгол хэл” номын 2008, 2009, 2015, 2017, 2018 онуудад хэвлэгдсэн ном болон 2-р ангийн “Монгол хэл” номын 2008, 2009, 2015, 2017, 2018, 2019 онуудын хэвлэлтэд анализ хийхэд аман зохиолын бага төрлөөс хангалтгүй оруулсан байгааг ярив. Түүнчлэн, аман зохиолын бага төрлийг мэдэж байгаа эсэхийг тодруулахын тулд хот, хөдөөгийн 6 сургуулийн 4, 7, 8, 9 дүгээр ангийн 600 гаруй сурагчдын дунд судалгаа хийсэн үр дүнгээ танилцуулав.
Цаашид,
-Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хүүхдийн аман зохиолын төрлүүдийг системтэй оруулах, эх хэлнийхээ соёл уламжлалаар бахархах, түүнийгээ өвлөн авах сэтгэлийг хүүхдэд багаас нь суулгаж өгөх хэрэгтэй байгааг хэлэв.
-1, 2 дугаар ангийн сурагчдад уншихад хялбар, олон гийгүүлэгч давхцаагүй үгтэй, энгийн бүтэцтэй ойролцоогоор 50-70 үгтэй, үйл явдал нь хөдөлгөөнтэй, дүрслэлтэй байх ном эмхэтгэлийг хийх хэрэгтэй байна.
Доктор (Ph.D) А.Алимаа, Ч.Заяасүрэн нар нь аман зохиолын бага төрлийг хүүхдийн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр “Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх аман зохиол” нэртэй унших бичиг, эмхэтгэл номыг хийхээр судалгааны ажлаа хийж байгаа ажээ. Одоогоор хүүхдийн аман зохиолын төрөл зүйл тус бүрийг түүвэрлэн сонголт хийжээ. Ийнхүү сонгосон эхүүдээ Хүүхдийн Төв номын сангийн “Их мэдэх” танхимын номын санч Г.Дарьсүрэнтэй хамтран тус номын сангаар үйлчлүүлдэг цэцэрлэгийн ахлах ангийн болон бага ангийн хүүхдүүдэд уншуулаад ахин сонголт хийх юм байна. Ингээд сонгогдсон эхүүдээ зурмал зурагтайгаар хэвлэхээр ажиллаж байгаа тухайгаа танилцуулав.
Лекц ярилцлагын дараа оюутнууд сонирхолтой лекцэд ирж суусандаа баяртай байгаагаа илэрхийлж, сонирхсон олон асуулт асууж, харилцан ярилцлаа.
Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой, судалгаатай лекц уншсан доктор Ч.Заяасүрэн танд эрүүл энх, эрдэм судлалын их амжилт хүсэн ерөөе.
Мэдээ бичсэн: Т. Батбямба