ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан, залуу судлаачдын ахисан түвшний тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Эрдмийн хишиг – Эрдэмтний зөвлөгөө” лекц, ярилцлагын 20 дахь дугаар 2022 оны 5 дугаар сарын 04-ний лхагва гаргийн 14:30-16:00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Номын санд боллоо.
Энэ удаа Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Баасанжаргалын Дайриймаа уригдаж, “АРДЫН ҮЛГЭР СУДЛАЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД” сэдвээр лекц уншиж, харилцан ярилцлаа.
Лекц ярилцлагыг Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША, тус лекцийг зохион байгуулагч Т.Батбямба нээж, үг хэлэв.
Доктор Б.Дайриймаа 1996-2000 онд МУИС-ийн МХСС-ийн “Эх бичиг судлал”-ын ангид суралцаж, эх бичиг судлаач-төвөдөч мэргэжлээр төгссөн. 2000 онд доктор, профессор Д.Бүрнээгийн удирдлагаар “Ойрдын Зая бандида Намхайжамцын Субашидын орчуулгын онцлог” сэдвээр бакалавр, 2002 онд доктор, профессор Л.Хүрэлбаатарын удирдлагаар “Зая бандид Намхайжамцын Субашидын үгсийн сангийн судалгаа” сэдвээр магистр, 2010 онд ОХУ-ын Санкт-Петерургийн Улсын Их сургуулийн “Монгол хэл бичиг”-ийн тэнхимд доктор И.В Кульганекийн удирдлагаар “Художественно-стилевые особенности изображения героев монгольских сказок” (Монгол ардын үлгэрийн баатруудын уран дүрслэлийн онцлог”) сэдвээр хэл бичгийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан бөгөөд 2011 оноос Хэл зохиолын хүрээлэнгийн “Аман зохиол судлал”-ын салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд бие даасан ном 2, хамтарсан ном бүтээл 5, ардын үлгэрийн судлалаар 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлжээ.
Лекцийн товч агуулга
Ардын аман зохиолын нэгэн томоохон төрөл зүйл болох ардын үлгэр судлалын үндсэн ойлголт буюу ерөнхий мэдэгдэхүүний тухайд: Ардын аман зохиолын гол онцлог шинж бол зөвхөн амнаас ам дамжин уламжлагддаг. Үүгээрээ аман зохиол хамтын шинжтэй, олон хувилбартай гэх гол тодотголтой байна. Өөрөөр хэлбэл, тухайн нэг хүний ярьсныг өөр нэгэн сонсоод цааш өөрийн уран сэтгэмжээрээ үйл явдлыг нэмж, хасан ярьснаар аман зохиолын хувилбарууд бий болох буюу мотив, өгүүлэмжийн түвшинд баяжин өөрчлөгдсөн ч анхны эхийн үндсэн гол элементүүд хадгалагдсаар байдаг ажээ.
Ардын аман зохиол хэв шинжийн хувьд эртний (ямар нэг угсаатан, үндэстний хөгжлийн нэн эртний үе шат буюу домог зүйн сэтгэлгээний үе хамаардаг), сонгодог (энэ үед бичиг үсэг ба утга зохиол бүрэлдэн бий болж, аман зохиолын зүйлийг цуглуулан эмхэтгэх, судалгааны эргэлтэд оруулах г.м), орчин үеийн (энэ үед уламжлалт, сонгодог аман зохиолдоо суурилсан, түүний туурвил, зохиомжийн үндсэн дээр шинээр гарч ирсэн, хожуу үед үүсэж бий болсон аман зохиолын зүйлс багтана).
Аман зохиолын сонгодог үед ардын үлгэрийг бусад төрөл зүйлээс илүү ихээр сонирхож, тэргүүн эгнээнд тавьж ирсэн байдаг. XVI-XIX зуунд дэлхийн улс түмнүүд өөрсдийн үлгэрийг цуглуулах, эмхлэх, хэвлэх, улмаар судалгааны эргэлтэд оруулах оргил үе нь байжээ. Энэ үед аман зохиол, үлгэрийг сурвалжлан цуглуулагчид, эмхэтгэгчид тухайн эхэд ямар нэг өөрчлөлт оруулахгүй, уран сайхны боловсруулалт бага хийх зарчим баримталж байсан. Үүгээр тухайн үед хэвлэгдэж байсан үлгэрийн эмхэтгэлүүдийн эрдэм шинжилгээний ач холбогдол тайлбарлагдана.
Тухайн үлгэр ямар өгүүлэмжтэй байхаас үл хамааран насанд хүрсэн хүн, хүүхэд багачууд ялгаагүй сонсох, ярих хүрээ өргөн байсан ба үүгээр үлгэрийн анхан эхний зориулалт нь өнөө үеийнх шиг сурган хүмүүжүүлэх, ёс суртахууны хүмүүжил боловсрол олгох тийм зорилго агуулаагүй байсан гэж үздэг юм байна.
Ардын аман зохиол судлал түүхэн хөгжлийнхөө явцад хэд хэдэн дэг сургуульд хуваагдан судалгааны чиг хандлагаа тогтоож, арга зүйгээ боловсронгуй болгосоор ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, үгийн урлагийн зүйлийг тал талаас нь, янз бүрийн байр сууринаас авч үзэх, судлах явцдаа өөр өөрсдийн онолыг боловсруулсаар иржээ. Голлох дэг сургуулиуд нь: XIX зууны эхний хагаст Германд үүссэн Домог зүйн, XIX зууны дунд үед мөн Германд үүссэн Хэрмэл өгүүлэмжийн онолын, XIX зууны дунд үед Англид үүссэн антропологи буюу хүн судлалын, XX зууны эхэн үед Орост үүссэн Түүхэн дэг сургуулиуд юм.
Энэхүү дэг сургуулиудын онол баримтлалын тухай, мөн ардын үлгэрийн бүтцийн судлалаар Өрнөдөд хүлээн зөвшөөрөгдсөн, Оросын нэрт үлгэр судлаач В.Я.Проппын “Үлгэрийн бүтэц” (1928), “Шидэт үлгэрийн түүхэн үндэс” (1986) бүтээлүүдийн тухай товч мэдээлэл хийснээр энэ удаагийн лекц өндөрлөлөө.
Лекц ярилцлагын дараа оролцогчид эл сэдвээр олон асуулт асууж, хариулт авлаа. Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц уншсан доктор Б.Дайриймаа танд эрүүл энх, эрдэм судлалын ажилд нь их амжилтыг хүсэн ерөөе.
Мэдээ бичсэн: Т. Батбямба