Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич лувсандоржийн болд
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн. Дархан хотын 10 жилийн дунд сургууль (1956-1966), МУИС-ийн Хэл бичгийн факультетад суралцан, монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр (1966-1971) төгссөн. 1971 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга (1979-1981), Хэл шинжлэлийн секторын эрхлэгч (1996-2001), Монголын Алтай судлаачдын холбоо, Алтай судлалын төв (2000)-ийг байгуулж, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал (2011-2017), одоо Алтай судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан (2017)-аар ажиллаж байна.
Судалгааны чиглэл: Монгол хэл судлал, түрэг судлал. “Уйгар-урианхай хэлний онцлог” (1978) сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, ОХУ-д “Монгол хэл Саяаны түрэг хэлнүүдтэй түүхэн үүднээс холбогдох нь” (1996) сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Профессор (1999), Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич) (2006). ШУА-ийн их, бага чуулганы гишүүн.
БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн “Хүндэт доктор” (2004), ШУТИС-ийн “Хүндэт профессор” (2019), Туркийн ШУА-ийн “Хүндэт гишүүн” (2019)
Бүтээл: “Монгол хэлний тонгоруу толь” (1976), “Уйгар-урианхай хэлний онцлог” (1978), “Орчин цагийн монгол хэлний дагавар” (1986), “Mongol ulkesindeki tas yazilari” (1990), “БНМАУ дахь хадны бичиг” (1990), “Монгол хэл Саяаны түрэг хэлнүүдтэй түүхэн үүднээс холбогдох нь” (1996), “Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал - I” (2000), “Орхон бичгийн дурсгал - II” (2000), “Монгол судлалын асуудал” (2003), “Орчин цагийн монгол хэлний зөв бичих дүрмийн толь” (2003), “Монгол, түрэг хэлний тооны нэр” (2005), “Монгол хэл шинжлэлийн асуудалд” (2006), “Орхон бичгийн дурсгал - III” (2010), “Орхон бичгийн дурсгал - IV” (2011), “Монгол хэл шинжлэлийн түүхийн асуудалд” (2012), “Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал” (2017), “Үсэг бичиг, үг хэллэгийн судалгаа” (2017), “Хэлний засаглалын учир” (2017), “Орхон бичгийн дурсгал - VI” (2019) зэрэг 20 гаруй нэг сэдэвт зохиол, сурах бичиг, толь бичиг зохиож, 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг дотоодын болон гадаадын сэтгүүлд хэвлүүлжээ.
Шагнал: Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (1998), Соёлын тэргүүний ажилтан (1999), Алтан гадас одон (2001), Боловсролын тэргүүний ажилтан (2005), Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн (2008), Туркийн ШУА-ийн Нийгэм хүмүүнлэгийн салбарын шагнал (2018), ШУА-ийн “Бидний бахархал” шилдэг эрдэмтний шагнал (2019, 2020) тус тус хүртжээ.