“НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ – 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
“НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ – 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

   ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран Улсын нэр томьёоны комисс үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил - 2024" олон улсын эрдэм шинжилгээний хурлыгМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Тус хурлыг зохион байгуулахад Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Гандантэгчэнлин хийд, МУБИС, Архивын Ерөнхий Газар, Үндэсний номын сан хамтран ажиллалаа. Үдээс өмнөх хүндэтгэлийн хурлыг МҮОНТ-ээр шууд дамжууллаа. Үдээс хойших “Нэр томьёоны шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага” сэдэвт I салбар хуралдаан, “Салбарын нэр томьёоны хөгжил” сэдэвт II салбар хуралдааныг Улсын нэр томьёоны комиссын нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын төрийн шагналт доктор, профессор Ц.Шагдарсүрэнгийн нэрэмжит болгон зохион байгууллаа.
   Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Австри, Швейцар, Япон, Солонгос, ОХУ, Колумб, Финланд, БНХАУ зэрэг 9 улсын 57 илтгэгч танхим болон цахимаар оролцлоо. I салбар хуралдаанд Монгол Улсын нэр томьёо судлалын түүх, орчин үеийн нэр томьёо судлалын хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлсэн бол, II салбар хуралдаанд хууль зүй, улс төр, анагаах ухаан, боловсрол, зурхай судлал, хөдөө аж ахуй, соёл урлаг, техник технологи, хими, археологи, барилгын салбарын нэр томьёоны асуудал, хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүллээ.
   Уг хурлын ач холбогдол нь Монгол Улсын нэр томьёо судлалын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан, технологийн хөгжилд тулгарч буй нэр томьёотой холбоотой асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд нэр томьёоны гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, Улсын нэр томьёоны комиссын үйл ажиллагааг сэргээх, сайжруулах, дотоод, гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж нээсэнд оршино.
Энэхүү хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, хамт олон, дэмжин тусалсан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.












Бусад мэдээлэл