Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн 2022 оны Хаврын ээлжит хурал 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Хурлыг нээж Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн дэд тэргүүн, МУШУГЗ, доктор, профессор С.Байгалсайхан үг хэлэв. Энэ удаагийн хурлын онцлог Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Япон дахь Монгол уран зохиолын нийгэмлэг байгуулагдсаны 50 жилийн тохиож байна. Тус эрдэм шинжилгээний хуралд Токиогийн Гадаад судлалын их сургуулийн эмерит профессор, Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн тэргүүн К.Окада, Ю.Шибэяама, ЯМУЗН-ийн тэргүүн Хоккай Гакүэн их сургуулийн профессор Т.Айтору, ТГСИС-ийн багш М.Абиру, Фукай, Токиогийн Оберин их сургуулийн профессор Тоба Байкару, ТГСИС-ийн Монгол судлалын салбарын магистрант, Ч.Лодойдамба судлаач Ай Саго, МУИС-ийн багш, доктор, профессор Г.Галбаяр, ШУТИС-ийн ахлах багш, доктор Р.Бигэрмаа, ДБЭТ-ын Утга зохиолын ажилтан, хөгжим судлаач О.Энхбат, ТГСИС-ийн зочин багш, доктор, дэд профессор О.Жигмэддорж болон Япон дахь монголын уран зохиолын нийгэмлэгийн гишүүд, Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Билгүүдэй, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Мөнхбаяр, салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож, Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Ууганбаатар “Учиртай гурван толгой ба Gustav Freytag’s pyramid” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Монголын уран зохиол судлалд Японы Монгол уран зохиол судлаач эрдэмтэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Эхэн үедээ “Монголын нууц товчоо” тэргүүт хуучин бичгийн зохиол, түүхэн зохиол судлалаар амжилттай ажиллаж ирсэн бол, эдүгээ судалгааны өмнөх уламжлалыг баяжуулсан ХХ зууны Монголын уран зохиол судлал, Д.Нацагдорж судлал, Ц.Дамдинсүрэн судлал, Ч.Лодойдамба судлал, Б.Явуухулан судлал, Д.Нямсүрэн судлал зэрэг чиглэлээр амжилттай ажиллахын сацуу орчин үеийн монголын олон зохиолчдын уран бүтээлийг япон хэлээр орчуулж, Японы уншигч, судлагчдад танилцуулсаар байна. Хуралд оролцогсод Монголын уран зохиол судлалын тулгамдсан асуудлаар саналаа солилцлоо.