ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн санаачлан, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль хамтран “Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 9 сарын 15-нд хийлээ.
Тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС, МУИС, МУИС-ийн Ховд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гадна Япон Улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, Осакагийн Их Сургууль, Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит Их Сургууль, ОХУ-ын Халимагийн Их Сургууль, Буриадын Их Сургууль, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвөд судлалын хүрээлэн, БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн эрдэмтэд оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү хурлаар монгол хэлний нутгийн аялгууны судалгааны түүхэн тойм, туршлага, нутгийн аялгуу судлах уламжлалт ба шинэ онол, арга зүй; төрөл хэл, нутгийн аялгуу, аман болон салбар аман аялгуунуудын авиа зүй, хэл зүй, үгийн сан, утга зүйн онцлог, хэрэглээний өнөөгийн байдал; нутгийн аялгуу ба газар нутаг, нийгэм, түүх, соёл, ёс заншил, бичгийн дурсгал хоорондын харилцаа холбоо гэх мэт өргөн агуулгаар хэлэлцэж, нутгийн аялгуу судлалыг хөгжүүлэх цаашдын зорилго, чиглэлийг ярилцсан юм.
Хурлын үйл ажиллагааны нэг хэсэг нь манай нэртэй үгийн сан, нутгийн аялгуу судлаач эрдэмтэн Жодовжавын Төмөрцэрэнгийн “Бүтээлийн чуулган” I, II, III боть номын нээлт байлаа. Тус бүтээлийн дээжээс эрдэмтэн судлаачдадаа гардуулав.
Энэхүү хурал Монгол улсад төдийгүй бүс нутаг, олон улс оронд анхаарах хэл аялгуу, үндэстний цөөнхийн хэл, аялгууны байдал, судалгаа, хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцсэнээрээ онцлог байлаа.