НУТГИЙН АЯЛГУУ - ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭ: БУЛГАН, СЭЛЭНГЭ АЙМАГ - БУРИАД АЯЛГУУ
НУТГИЙН АЯЛГУУ - ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭ: БУЛГАН, СЭЛЭНГЭ АЙМАГ - БУРИАД АЯЛГУУ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбараас 2022-2024 онд хэрэгжүүлж буй “Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдран сууж буй буриад угсаатны хэл аялгууны өнөөгийн байдал, хувирал өөрчлөлт, хэтийн төлөвийг ажиглан судлах, судалгааны эх хэрэглэгдэхүүн цуглуулах зорилгоор Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Sc.D), дэд профессор Г.Батзаяа, төслийн гэрээт ажилтан, доктор (Ph.D) Б.Отгончимэгийн хамт 2024 оны 7 сарын 29-нөөс 8 сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг суманд ажиллав. Судалгааны ажлын хүрээнд буриад ард иргэдтэй уулзаж ярилцлага хийх, аудио сан хөмрөг бүрдүүлэх, тэдний ёс заншилтай танилцах, статистик судалгаа авах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн Булган аймгийн төвд 7 сарын 26-наас 28-нд болсон Олон улсын “Алтаргана” наадмаас сурвалжилга судалгаа хийв.

Тэрээр Хэл зохиолын хүрээлэнгээс сүүлийн үед хэвлүүлсэн шинэ бүтээлийн дээжээс Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг сумын соёлын төв, номын сангуудад гардуулан өглөө. Хэл зохиолын хүрээлэнгийн тус хээрийн судалгааны ажилд санаа тавьж тусалсан Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг сумдын Засаг дарга нар, Тамгын газрын дарга нар, статистикийн албаны мэргэжилтнүүд, Соёлын төвийн эрхлэгч нар болон судалгаа, ярилцлага өгсөн буриад ард иргэддээ талархал илэрхийлье.

 

Ийнхүү уг төслийн хүрээнд 2022-2024 онд тус хүрээлэнгийн эрдэмтэн, доктор С.Мөнхсайхан, доктор Г.Батзаяа, магистр М.Очирцэнд, доктор С.Энхжаргал, магистр Б.Лхагважав, доктор О.Самбуудорж, доктор Д.Боролзой нар Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Увс, Ховд, Сүхбаатар аймгуудад ажиллан хотгойд, буриад, барга, дархад, захчин, баяд, дөрвөд, урианхай, үзэмчин аялгуунуудын судалгаа хийлээ. Хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй ахмад эрдэмтдийн олон арван жил цуглуулсан нутгийн аялгууны авиа зүй, хэл зүй, үгийн сангийн арвин баялаг хэрэглэгдэхүүн болон монгол хэлний нутгийн аялгууны өнөөгийн байдлыг ажиглан судалж, цуглуулж ирсэн хэрэглэгдэхүүндээ тулгуурлан авиа зүй, хэл зүй, нийгэм хэл шинжлэл, угсаа хэл шинжлэл, соёл хэл шинжлэлийн үүднээс нутгийн аялгууны цогц судалгаа хийж хамтын бүтээл туурвих зорилготой юм.





 

 


Бусад мэдээлэл