МОНГОЛ ХЭЛ ЗОХИОЛ, СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СУДЛАЛ III” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Сөүл хотноо зохион байгуулав

 
✅ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, БНСУ-ын Хангүг Гадаад судлалын сургуультай хамтран “Монгол хэл зохиол, соёл, аялал жуулчлал судлал III” (Дижитал нүүдэлчний эрин үе — Монгол хэл, зохиол, соёл, аялал жуулчлалын шинэ сорилт) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Сөүл хотноо 2025.11.06-ны өдөр зохион байгуулав.
✅ Энэхүү хурал нь Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулж байгаагаараа онцлог бөгөөд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С. Сүхболд мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны эрдэм шинжилгээ, боловсролын харилцааг хэл шинжлэл, уран зохиол, урлаг, соёл судлалын чиглэлээр улам гүнзгийрүүлж, шинэ түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллаж буйд баяр хүргэв.
✅ Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал О.Шинэбаяр, БНСУ-ын Хангүг гадаад судлалын их сургуулийн дэд захирал Ким Чүншиг нар мэндчилгээ дэвшүүлж хурлыг нээж үг хэллээ.
✅ Уламжлал болж буй энэхүү хуралд БНСУ, БНХАУ, ОХУ,Япон Улс зэрэг улс орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, ШУТИС, СУИС, ХБҮЗ, БҮТ зэрэг байгууллагуудаас 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцлоо.
✅ Хурлын илтгэлүүд хэл шинжлэл, утга зохиол, соёл, аялал жуулчлалын онол-хэрэглээний өргөн хүрээг хамарсан байна. Тухайлбал, монгол хэлний дунд үеийн аялгуу, орчин цагийн үгсийн бүтцийн судалгаа, орчуулгын онолын асуудал, дижитал орчин дахь хэлний хэрэглээ зэрэг хэл шинжлэлийн судалгаанаас эхлээд, нүүдэлчин соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулсан туршилт, уран сайхны зохиол, кино, хөгжим, соёлын судалгаа зэрэг соёл судлалын илтгэлүүд багтсан нь онцлог юм.
✅ Илтгэлүүд; Хөхбаатар (Япон) “1955-58 онд Өвөр Монголд монгол шинэ үсэг дэлгэрүүлсэн талаарх нарийвчилсан судалгаа”, О.Оюунбилэг (Монгол) “Соёлын баримтат өвийн сэргээн засварлах технологид нөхцөл байдлын шинжилгээний үүрэг” (Алтанганжуур судрын жишээн дээр), О.Шинэбаяр (Монгол) “Ураг төрлийн нэрийн ангилал, уламжлал”, С.Басбиш (Монгол) “Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгийн радио хувиргал дахь хүүрнэл ба хөгжим, дуу чимээний утгын шинжилгээ”,”, Б.Уранцэцэг(Монгол) ““Орчуулгын уран зохиолын унших чадварын асуудалд” (Харри поттер ба философийн чулуу номын жишээгээр), М.Ганжаргал (Монгол) “Цагаан сар – монгол хүүхдийн угсаа соёлын ижилслийн эх сурвалж болох нь”, Б.Буяннэмэх (Монгол) “Уран сайхны кинон дахь бөхийн дүр дүрслэл, утга соёлын онцлог” (Гарьд магнай уран сайхны киноны жишээн дээр), Г.Дэлгэрмаа, Д.Болормаа (Монгол) “Дунд үеийн монгол хэлний шинж дархад аялгуунд хадгалагдан үлдсэн нь”, Д.Цэнд (Монгол) “Монголын эмэгтэйчүүдийн хэвлэлийн хөгжлийн судалгаа”, Х.Ариунаа(Монгол) “Монгол үндэстний ардын богино дууны аялгуу шүлгийн уялдаа”, Н.Мэнд, П.Нарантуяа (Монгол) “Монгол Солонгосын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны чиг хандлага”, У.Гандулам (Монгол) “Монгол модон барын урлаг”, Г.Баасансүрэн (Монгол) “Боржигин ум марзай буюу хурдан морины гийнгоо, тарнийн уламжлал”, Г.Хэрлэнцэцэг, Н.Мөнгөн-Оньс (Монгол) “Монгол Улсын төрийн албанд хос бичиг хэрэглэх бодлого ба хэрэгжилт”, Г.Маралмаа (Монгол) “Монголын уран бүтээлчдын талант менежментийн өнөөгийн байдал, сорилт”, Д.Мягмар (Монгол) “Бодь мөрийн зэргийн бага төрөлхтний номын аймаг дахь бурхны илт өгүүлэх нэр”, Ж.Бат-Ирээдүй (Монгол) “Монгол Улсын суурь боловсролын монгол хэлний сурах бичгийн агуулга ба концепцийн тухай асуудал”, (Монгол) “Монгол хэлний зүйр цэцэн үгэнд эсрэгцэх харьцааны хэв шинжийн тухай” Жи Ли (БНХАУ) “Эх хэлээ тээсэн нүүдэл: Орчин үеийн Монгол хэлний өөрчлөлт ба сорил”.
✅ Хурлын үеэр Хангүг гадаад судлалын сургуулийн Монгол хэлний ангийн оюутнуудын "Эрдмийн баяр" болж, монгол дуу, илтгэл, гэрэл зургийн уралдаан зохион байгуулан, шилдгүүдээ шалгаруулж монгол хэл, соёлыг сурталчлав.
✅ Тус хурлын дараа Монголын судлалын чиглэлээр ажилладаг Солонгосын их сургууль, хүрээлэнгүүдийн удирдлага, эрдэмтэн судлаачидтай Дижитал технологийн хэл, соёлд нөлөөлж буй байдал, цахим технологиор хэл шинжлэл, утга зохиол судлалыг хэрхэн хөгжүүлэх, Монгол судлал, соёлын чиглэлээр уулзалт хийв.


Бусад мэдээлэл