Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нийслэл Каир хотноо 2025 оны 12 дугаар сарын 8–11-ний өдрүүдэд дэлхийн 100 гаруй орны 155 шинжлэх ухааны академи (Ази-Номхон далайн 39, Африкийн 24, Америк 30, Европын 47, Дэлхийн болон бүс нутгийн 9, Ажиглагч гишүүн байгууллага 6)-ийг нэгтгэсэн Академи хоорондын түншлэл (InterAcademy Partnership, IAP) олон улсын байгууллагаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шинжлэх Ухааны Судалгаа, Технологийн Академитай хамтран “Өөрчлөлт, шинэчлэлийн эрин үед шинжлэх ухаан, бодлого, нийгмийн уялдаа холбоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, Ерөнхий чуулганыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд дэлхийн 68 орны 164 төлөөлөгч оролцсон нь Академи хоорондын түншлэл олон улсын байгууллагын өргөн цар хүрээ, олон талт байдлыг илтгэж байлаа.

Хөтөлбөрийн хугацаанд 18 салбар хуралдаан, сэдэвчилсэн хэлэлцүүлэг болж, шинжлэх ухааны дипломат ажиллагаа, шинжлэх ухаанд итгэх итгэл, эрдэм шинжилгээний үнэлгээ, шинэ технологи, жендерийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, шинжлэх ухаанд суурилсан бодлого, нийгэм дэх шинжлэх ухааны үүрэг, салбар хоорондын хамтын ажиллагаа зэрэг орчин үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсаас Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Н.Мөнхцэцэг нар төлөөлөгчөөр, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Б.Гантуяа хэлэлцүүлгийн илтгэгчээр оролцлоо.
2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон Ерөнхий чуулганы үеэрээ Академи хоорондын түншлэл (InterAcademy Partnership, IAP) нь шинэ удирдлагын багаа албан ёсоор томилон ажилд нь орууллаа. Доктор Н.Мөнхцэцэг тус олон улсын байгууллагын “Харилцаа холбоо, боловсрол, түгээн дэлгэрүүлэх хороо (Communication, Education, and Outreach Committee)-ны гишүүний үүрэгт ажлыг албан ёсоор хүлээн авлаа.