ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР О.ШИНЭБАЯР "Б.РИНЧЕНИЙ НЭРЭМЖИТ ШАГНАЛ" ХҮРТЛЭЭ.
ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР О.ШИНЭБАЯР "Б.РИНЧЕНИЙ НЭРЭМЖИТ ШАГНАЛ" ХҮРТЛЭЭ.

Монгол судлалын салбарт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисныг нь үнэлж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаярыг "Б.РИНЧЕНИЙ НЭРЭМЖИТ ШАГНАЛ"-аар шагналаа. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өгөв. Танд баяр хүргэж, эрдэм судлалын өндөр амжилт хүсье.
Тэрээр 2001-2006 “Б.Ринчений хүүрнэл зохиолын уран чадвар” сэдвээр хэлбичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
1996-1997 онд Төв аймгийн Цээл сумын дунд сургуульд монгол хэл уран зохиолын багш, 1997-2001 онд “Цагаан лавай” дээд сургуульд монгол хэлний багш, 2001-2008 онд Улаанбаатарын их сургуульд монгол хэл шинжлэлийн багшаар тус тус ажилласан. 2008 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ахлах ажилтан, 2016 – 2020 онд Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, 2021 оноос Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Энэ хугацаанд ном, товхимол, ганц сэдэвт зохиол, хамтын бүтээл 21, редакторласан бүтээл- 15, эрдэм шинжилгээний өгүүлэл 41, илтгэл 55, шүүмж 3, эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл 17-г бичиж 10 гаруй магистрын ажлыг удирдаж, 10 магистрын ажлыг шүүмжилж, 1 докторын ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан судлаач билээ.
О.Шинэбаяр нь 1997 онд Төв аймгийн монгол хэл уран зохиолын багш нарын олимпиадаас шалгарч улсын монгол хэл уран зохиолын багш нарын улсын анхдугаар олимпиадад оролцон шагналт байр эзэлж байсан бөгөөд Нийслэлийн боловсролын газраас арга зүйч, ахлах багш тэмдгээр шагнагдсан. Тэрээр “Бямбын Ринчен судлал”, Хэрэглээний хэл шинжлэл, Нэр томьёо судлалаар судалгаа шинжилгээний ажил хийхийн зэрэгцээ олон нийтийн эх хэлний боловсролд зориулсан ажлууд хийж ирсэн. Ялангуяа Монгол улсад нэр томьёо боловсруулах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан академич Бямбын Ринчений үүсгэн санаачилсан ажлуудыг уламжлан шинээр харж тодорхойлсон нь ““Монгол нэр томьёо судлалын товчоон” УБ.,2014”, /Хамтын бүтээл/, “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үг”, /2019/, “Адилтгалын аргаар бүтсэн монгол нэр томьёо”, /2019/ “Монгол нэр томьёо судлал-90” .УБ.,2014. 20,1 хх бүтээлүүд, “Үгийн учир” ормол үгийн толь, “Хэл шинжлэл- Соёмбо нэвтэрхий толь” /Б.Түвшинтөгсийн хамт/, 2012, 500 нүүр, 60 хх) -оос харж болно. Өнөө нэр томьёо судлалын чиглэлээр цахим толь боловсруулан санаачлан ажиллаж байгаа ажлын нэг нь “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь” билээ.
Тэрээр академич Б.Ринчений бүтээлийн өвийг судлах, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчлах талаар олон ажил хийж олон ном бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл болоод хялбаршуулсан өгүүлэл, илтгэл, телевиз, сонин хэвлэлийн ярилцлага, нийтлэлийг бичиж түүхт ойн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулалцаж товчхондоо өгүүлбэл “Б.Ринчен судлал”-ыг хөгжүүлэх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа судлаач билээ. О.Шинэбаяр нь “Б.Ринчений хүүрнэл зохиолын ур чадвар”. 2006. /Хэлбичгийн ухааны доктор /Ph.D/ - ын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол/, Бямбын Ринчений өгүүллэгийн уламжлал шинэчлэл, урлах эрдэм. УБ., 2007 /12 хх/, The skill of narrative of B.Rinchen. /in example of novella, feature – story/ 2006, “Их говийн зоригтон хүмүүс”. /О.Шинэбаяр, Г.Ловор/. УБ., 2004, “Улсын нэр томьёоны гишүүн Б.Ринчен –I” /Нэр томьёо судлал/. 2015, “Улсын нэр томьёоны гишүүн Б.Ринчен –II” /“Б.Ринчен – Нэр томьёоны толь бичгүүд” 2015 зэрэг ном, нэг сэдэвт бүтээл, "Улс Монголын залуучууд эрдэмтэй байх ёстой" 2022 эмхэтгэлээс гадна зөвхөн их эрдэмтний бүтээлийн өвийг судлах чиглэлээр эрдэм шинжилгээний 10 гаруй өгүүлэл илтгэл бичиж уран зохиолын өвийг судлахын зэрэгцээ хэл шинжлэл, нэр томьёо судлалын бүтээлүүдийг дагнан судлан олон нийтийн хүртээл болгожээ. Тухайлан дүгнэвэл түүний “Улсын нэр томьёоны гишүүн Б.Ринчен –I” /Нэр томьёо судлал/ 2015, “Улсын нэр томьёоны гишүүн Б.Ринчен –II” /“Б.Ринчен – Нэр томьёоны толь бичгүүд” 2015 бүтээл нь академич Б.Ринченийг нэр томьёо судлалаар их зүйл хийснийг нээж харуулсан баримт, судалгааны бүтээл болж чадсан юм.
О.Шинэбаяр нь 2002 он “Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар” медаль, 2011 онд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн хүндэт жуух”, 2014 онд “Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны хүндэт жуух бичиг”, 2017 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулжээ.


Бусад мэдээлэл